Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Хөгжил ардчилал” ТББ болон Конрад-Аненауэр сан хамтран “Баялгийн засаглал” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм.

Харин өнөөдөр “Баялгийн засаглал” цуврал хэлэлцүүлгийн нэгдсэн чуулган “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд болж өнгөрлөө. Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг болон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар нээж үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг “Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байна. Баялгийн засаглалын асуудлаар таван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, өнөөдөр “Баялгийн засаглал” нэртэй хөгжлийн чуулган зохион байгуулж байна. Энэ арга хэмжээг зохион байгуулахад гүн дэмжлэг үзүүлсэн Конрад-Аненауэр сан, түүний Монгол дахь төлөөлөгчийн газрын ажилтнуудад баярлалаа. Өнөөдрийн “Баялгийн засаглал” хөгжлийн чуулганд ХБНГУ-ын Саарланд мужийн Парламентын гишүүд, мөн Төрийн нарийн бичгийн дарга нар оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний өмч гэсний дагуу олон ажил хийж байгаагийн нэг нь зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа хөгжлийн чууулган юм. Чуулган зохион байгуулснаар асуудал дуусахгүй, цаашдаа үргэлжлүүлэн ажиллана. Олон удаагийн хөгжлийн чуулганы гол зорилго бол монголчууд өөрсдийнхөө баялагт хэрхэн эзэн болох вэ? гэдэг асуултад л хариулт өгөх юм” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

““Баялгийн засаглал” чуулганд оролцож байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ чуулганд оролцохоор ХБНГУ-ын Саарланд мужаас Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Роланд Тайс тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Тэдэнд болон манай улсад 1990 оноос хойш олон талаар тусламж, дэмжлэг үзүүлж ирсэн Конрад-Аденауэр-Сангийн хамт олонд баярлалаа.

Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс гаргадаг Баялгийн засаглалын индекс 2017 оны тайлангаас харахад,

  • Орлогын менежмент гэх үзүүлэлтээр Монгол Улс 100 оноо авахаас 54 оноо авчээ.
  • Төрийн өмчийн компанийн засаглалын тал дээр Монгол Улс 100 оноо авахаас 40 оноо авсан
  • Монгол Улсын үндэсний баялгийн сан буюу Төсвийн тогтворжуулалтын сангийн хувьд 100 оноо авахаас 42 оноо авсан байна.

Өөрөөр хэлбэл, бид гол үзүүлэлтүүдээрээ баялгийн засаглал султай, дундаас доогуур болон дундаж орчим л явна. Тэгэхээр Баялгийн засаглалын асуудлыг оновчтой болгох бодлого гаргаж, хэрэгжүүлэхгүй бол иргэд баялгийнхаа үр шимийг хүртэх магадлал улам хумигдаж болзошгүй байна.

Судлаачид Монголд баялгийн засаглалын тал дээр хангалттай тооны хууль дүрэм байдаг ч тэдгээрийг амьдралд хэрэгжүүлдэггүйгээс ойлголтын ихээхэн зөрүү үүсч байгааг онцолсон байдаг. Бид Үндсэн хуулийнхаа Зургадугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Харамсалтай нь, өнөөгийн түвшинд байгалийн баялаг ард түмэнд очихгүй байна. Энэ асуудлын хүрээнд чуулганд оролцогчид гол асуудлаа ярих байх. Мөн чуулганд оролцож байгаа хүмүүс идэвхтэй оролцоорой.

Өнөөдөр бид байгалийн баялгаа ашиглаж байгаа боловч баялгаас иргэд хүртэхгүй байна. Лиценз гэдэг нэрээр газрын баялгийг хувь хүн, компаниуд аваад эргээд лицензээр баялгийг худалддаг болсон. Үр дүнд, нь 1990 оноос хойш бүх хүн өр, зээлтэй болсон байна. Улс өөрөө 30 орчим тэрбум ам.долларын өртэй боллоо. Энэ тал дээр дүгнэлт хийж, хууль тогтоомжоо биелүүлдэг болох талаар бид ярилцах ёстой. Өнөөдөр Монголд байгаа иргэд бүгд л байгалийн баялгаа ашиглаж, иргэдэд хүртээмжтэй болгох асуудлыг ярьж байна. Улс төрд орж, албан тушаалд очиж, баялгийг түшиглэж байж улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн асар их баяждаг болсон. Үүнийгээ бахархалтайгаар ярьж, дахин албан тушаалд очиж, зарим нь Элчин сайдаар хүртэл томилогддог болсон байна. Үүнийг хэн ч ярихгүй байна. Тиймээс энэ чуулганыг цаг үеэ олсон чуулган гэж бодож байна. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Х.Баттулгын хэлсэн үг:





Эх сурвалж: https://president.mn/?p=3051