Америкийн Вашингтон муж улсын Самнер хотод орон гэргүй нэгэн эр 17 мянган ам.доллар бүхий цүнх олсноо хотынхоо буяны санд өгсөн тухай “News Tribune” сонинд мэдээлжээ. 

Кевин Бут гэдэг эр буяны сангийн дэргэдээс хүрэн өнгөтэй цүнх олсон бөгөөд дотор нь юу байгааг үзтэл 20 ам.долларын дэвсгэртүүд байсан аж. Бут эхлээд мөнгийг аваад цүнхийг нь олсон газраа үлдээх гэж байснаа буяны байгууллагын ажилтнуудыг хүлээхээр шийдсэн байна. 

Энэ явдал гурван сарын өмнө болсон боловч хэвлэлүүд одоо л мэдээлж байгаа аж. Бут дотор нь юу байгааг хэлэлгүйгээр цүнхийг манай сайн дурын ажилтнуудын нэгд шууд л өгсөн гэж сангийн захирал Анита Миллер ярьжээ. Цүнхэнд их хэмжээний мөнгө байсныг мэдсэний дараа тэд цагдаа нарт өгсөн байна. Эзэн нь олдолгүй 90 хоног өнгөрсөн учир цүнхийг буяны санд буцаан өгчээ. 

Сангийн захирал Бутад шударга байсных нь төлөө талархлаа илэрхийлж, мөнгөний талыг шагнал болгон өгсөн байна. Үлдсэн мөнгийг буяны байгууллагын удирдлагууд илүү олон хүнд тусламж үзүүлэхийн тулд сангийнхаа барилгыг өргөтгөх ажилд зарцуулахаар шийджээ. 

Харин Бут хотдоо чухал үйл хийсэндээ баяртай байгаагаа хэлжээ. Хотын оршин суугчдын нэг Бутын энэ түүхийг сонссоныхоо дараа орон гэргүй хүмүүст тусламж үзүүлэх “GoFundMe” кампанит ажлыг өрнүүлсэн байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, RIA Novosti