Магнитогорск хотын орон сууцны нурангин дороос аврагчид дахин нэг эрэгтэй хүний цогцсыг гаргаснаар амиа алдсан хүмүүсийн тоо 33 болсон байна. Энэ тухай ОХУ-ын Онцгой байдлын яамны хэвлэлийн алба мэдээлжээ.

Өнгөрсөн даваа гарагт ОХУ-ын Челябинск мужийн Магнитогорск хотын 10 давхар орон сууцны барилгад ахуйн хий дэлбэрсний улмаас орцнуудын нэг нь нурсан юм. Сүүлд мэдээлснээр, амиа алдсан хүмүүсийн дунд 6 хүүхэд байжээ.

Тухайлбал аврагчид 35 цагийн дараа орон сууцны нурангиас нэгэн нярай хүүг эсэн мэнд олсон байна. Ягаан оймстой энэ бяцхан хүүг хучлагаар хучиж эмнэлэг рүү хүргэжээ. Хүүг уйлах чимээнээс олсон бөгөөд -25  хэмийн хүйтэн тэсч үлдсэнд нь аврагчид баярлан нулимс унагасан байна.