Америкийн “National Interest” сэтгүүлийн тоймчид ОХУ болон АНУ-ыг хооронд нь эвлэрүүлж, харилцан ойлголцолд хүргэх аргыг санал болгожээ.

“Хоёр улсын харилцан үл итгэсэн хандлага болон АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон гэх олон нийтийн шүүмжлэлээс болж Орос, Америкийн яриа хэлэлцээ төвөгтэй болсон. Эдгээр хүчин зүйлээс үүдсэн хурцадмал байдал нь АНУ-д төдийгүй дэлхий нийтэд аюултай” гэж тус сэтгүүлд тэмдэглэжээ.
 
Хоёр улсыг эвлэрүүлэх саналаа илэрхийлэхдээ тоймчид хүйтэн дайны оргил үед Зөвлөлт Холбоот улс болон АНУ-ын хамтран ажиллаж байсан туршлагаас нь жишээ татан тайлбарласан байна. Тэр үед багш, оюутан, сурагчдын солилцооны хөтөлбөрийн хүрээнд хоёр улсын хооронд албан бус харилцаа үүсч байжээ. Тоймчдын тэмдэглэснээр, энэ нь зэвсгээр хөөцөлдөхөө больж, цөмийн зэвсгийн сөргөлдөөнөөс зайлсхийхийн ач холбогдлыг тус хоёр улсад ойлгуулсан юм гэжээ. Тийм учраас энэ тал дээр хязгаарлагдмал байгаа харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх ёстой гэж тэд үзсэн байна.

Барууны орнуудыг ОХУ-тай хамтарч ажиллахыг тус улсын Ерөнхийлөгч В.Путин нэг бус удаа уриалж байсан юм. Яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа ч оросын улс төрчид мэдэгдэж байсан хэдий ч Барууны орнуудын Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ нь үр дүнтэй хамтран ажиллах боломжийг нь хүндрүүлээд байгаа юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг