ОХУ 2000 гаруй тонн улаан буудайг БНАСАУ-д хүмүүнлэгийн тусламжийн хувиар илгээсэн байна. Энэ тухай Умард Солонгос дахь ОХУ-ын Элчин сайдын яамны /ЭСЯ/ “Facebook” хуудсанд мэдээлжээ.

Ням гарагт Умард Солонгосын Чонжин хотын боомтод хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах арга хэмжээ болсонд тус хот дахь ОХУ-ын Консулын газрын ажилтнууд оролцжээ. ОХУ-аас илгээсэн улаан буудайг Чонжин хотын боомтод буулгасан байна. 

Хүмүүнлэгийн тусламжийг “World Food Programme” олон улсын байгууллагын шугамаар үзүүлжээ. Тусламжийг хүлээн авах арга хэмжээнд мөн тус байгууллагын Пёньян хот дахь салбарын ажилтнууд болон Хойд Хамген мужийн Ардын хорооны гадаад харилцааны удирдах газрын төлөөлөгч оролцжээ. 

Чонжин хотод хүмүүнлэгийн ачааны талыг нь буулгаж, үлдсэнийг нь Хыннам хот руу илгээсэн байна. Тусламжийн улаан буудайгаар хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулж хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэж ОХУ-ын ЭСЯ-ны мэдээлэлд дурджээ.  



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, RIA Novosti