ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар энэ сарын 26-нд Москва хотноо дээд хэмжээний уулзалт хийнэ гэж Кремлийн ордон мэдэгдсэнийг “Спутник” агентлаг уламжлав.

В.Путины туслах Юрий Ушаковын мэдэгдсэнээр, Ш.Абэ дээд хэмжээний уулзалтын өмнөх өдөр Санк-Петербург хотод болох олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно.

Оросын эзэмшилд байдаг боловч Япон улс “өөрийн нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг” гэж үздэг дөрвөн аралд хамтарсан эдийн засгийн бүс бий болгох асуудлыг хоёр орны удирдагчид авч хэлэлцэх ажээ. Мөн дэлхийн II дайнаас өмнө тус арлуудад оршин суудаг байсан хүмүүст өвөг дээдсийнхээ шарилыг эргэх боломж олгохыг уулзалтын үеэр Японы тал Оросоос хүсэх төлөвтэй байна.

Японы Засгийн газар Хабомай, Шикотан, Кунашири болон Эторофү гэсэн дөрвөн арлыг буюу Курилын арлуудыг "Япон улсын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг бөгөөд эдгээр арлыг дэлхийн II дайны дараа Зөвлөлтийн цэргүүд хууль бусаар эзлэн авсан" гэж үздэг билээ.

Мөн Ю.Ушаковын мэдэгдсэнээр, В.Путин энэ сарын 24-нд Санкт-Петербургт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтай уулзаж, Ираны цөмийн хэлэлцээр болоод Сирийн нөхцөл байдлын талаар санаа бодлоо солилцох аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг