2018 оны зургадугаар сарын 6-9-ний хооронд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо «Монгол-Оросын санаачилга-2018» цуврал арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг арга хэмжээнүүдийн хүрээнд үзэсгэлэн гаргаж Оросын үйлдвэрлэгчид өөрсдийн шилдэг бүтээгдэхүүнүүдээ танилцуулах гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болон ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулах үзэсгэлэнг «Росспецмаш»  буюу Оросын тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбооноос зохион байгуулах юм.

«Монгол-Оросын санаачилга-2018» нь хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлж, цаашдаа хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх, Монголын зах зээлд нийлүүлэх Оросын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилготой билээ.

ОХУ-ын хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн болон автомашины аж үйлдвэрийн салбарын чадамж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний онцлогуудыг үзэсгэлэнгийн үеэр танилцуулах боломж нээгдэж байгаа юм.

Энэхүү үзэсгэлэнд тусгай зориулалтын машин механизм үйлдвэрлэгчдийг төлөөлөн хөдөө аж ахуйн машин техник үйлдвэрлэгч «Ростсельмаш», «Пегас-Агро», Омскийн туршилтын үйлдвэр болон зам барилга, хотын нийтийн аж ахуйн тоног төхөөрөмж, машин техник үйлдвэрлэгч «Кургандормаш» зэрэг үйлдвэрүүд оролцохоор төлөвлөж байна.

ОХУ-ын Үйлдвэр, худалдааны яам, «Росспецмаш» ассоциаци, Оросын экспортын төв, холбогдох яам, газруудын төлөөлөгчид болон үйлдвэрүүдийн удирдлагуудын оролцоотойгоор бэлтгэгдэж буй ажил хэргийн болон соёлын арга хэмжээнүүд нь үзэгчид болон зочдын сонирхлыг ихээр татна гэдэг нь  эргэлзээгүй.

«Монгол-Оросын санаачилга-2018» арга хэмжээ нь хоёр талын худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрийн болон хөрөнгө оруулалтын ирээдүйтэй харилцааг бэхжүүлж, хоёр орны хамтын ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргах онцгой боломж олгох юм гэж ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.