Олон улсын хамгийн нэр хүндтэй кино наадмаас шагнал хүртсэн жүжигчдэд алдар гавьяатай хамт юу дагалддаг бол. Тэрхүү бяцхан алтан хөшөөг студидээ залж, ажлын танилцуулга дээрээ нэмж бичсэн уран бүтээлчдийн үнэлгээ хэдий хэрээр нэмэгддэг бол. Энэ асуултад хариулт эрсээр хүссэн зүйлээ олсон гэж болно.

Колгейтийн их сургуулиас хийсэн эрдэм шинжилгээний бичгээс үзвэл Оскарын шагнал авсан эрэгтэй жүжигчдийн цалин дунджаар 81 хувиар өсдөг ажээ. Энэ нь нэг кинонд тоглосны төлөө авах цалин 3.9 сая ам.доллараар нэмэгдэнэ гэсэн үг. Харамсалтай нь эмэгтэйчүүдийн цалин хавьгүй бага бөгөөд нэг кинонд авах цалин 500 мянган ам.доллараар л нэмэгддэг байна. “Money Nation”-оос гаргасан бас нэгэн судалгааг сөхвөл, Оскартай жүжигчдийн цалин 10-120 сая ам.доллар хүртэл нэмэгддэг гэсэн баримтыг ч харж болно.

Оскарын шагналт жүжигчин залуу байх тусам насан туршид олох ашиг нь нэмэгддэг. Тухайлбал, Оскарын шагнал хүртсэн хоёр дахь хамгийн залуу жүжигчин охин бол Анна Пакүин. Тэрбээр “The Piano” киноны туслах дүрээр 1993 онд уг нэр алдрыг хүрсэн юм. Анна Пакүиний үнэлгээ 12 сая ам.долларт хүрч, “True Blood” киноны анги тус бүрээс 75 мянган ам.доллар авсан байна.

88 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолоос Шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн Леонардо ДиКаприо бол Холливудын хамгийн өндөр үнэлгээтэй жүжигчдийн нэг. Тэрбээр “The Wolf of Wall Street” кинонд 25 сая, “The Revenant” кинонд 20 гаруй сая ам.долллараар тоглосон билээ. Харин одоо түүний цалин 12-16 сая ам.доллараар нэмэгдсэн нь лавтай.

Ганц жүжигчид гэлтгүй Оскар “зулгаасан” кино студиуд ч чамгүй ашигтай болдог. “WalletHub”-ын тооцоолсноор тухайн жилд Шилдэг кино номинаци авсан студийн үнэ цэнэ долоо орчим сая ам.доллараар нэмэгддэг аж.

Кино Академи хэнийг ч гомдоодоггүй. Кинонууд зөвхөн нэр дэвшихэд л тасалбарынх нь борлуулалт олон улсад “суга” өсдөг. Өнгөрсөн жилийн наадмын Шилдэг киноны төрөлд нэр дэвшсэн бүтээлүүд эздэдээ сар хагасын хугацаанд 175 сая ам.долларын ашиг авчирсан гэдэг. Нэр дэвшигчдийн зарласнаас шагнал гардуулах үдэш хүртэл гэсэн үг. Бас нэг жишээ дурдвал, 2013 онд Шилдэг кино номинацид есөн кино нэр дэвшсэн даруйдаа ашиг нь 26 хувиар нэмэгджээ. Тодруулбал, кино тус бүр 168 сая ам.доллар нэмж олсон байна.

Оскарын алтан баримал өөрөө ч чамгүй үнэтэй. 400 ам.долларын үнэтэй энэхүү баримлыг зарим жүжигчин 500 мянга, 1.5 сая ам.доллараар эргүүлж зарсан түүх бий. Харин өдгөө шагналаа зарахыг хориглосон аж.