ОУВС-гийн Захирлуудын зөвлөл энэ сарын 25-нд хуралдаж, дараагийн санхүүжилт олгох хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх байснаа тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан тухай манай редакци өнөөдөр мэдээлсэн. Валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн дараагийн шатны санхүүжилт орж ирэх эсэх нь тодорхойгүй хугацаагаар хойшилсон гэсэн үг. Захирлуудын зөвлөлийн энэ шийдвэр ам.долларын ханшид нөлөөлөх эсэх дээр эдийн засагчид ямар байр суурьтай байгааг хүргэе.

Л.Оюун: Долларын ханш өсөх нь тодорхой болчихлоо

МУИС-ийн Эдийн засагийн сургуулийн багш, доктор Л.Оюун:

Ам.долларын нийлүүлэлт багасна гэдэг утгаараа ханшид нөлөөлнө л дөө. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд багагүй хэмжээний ам.доллар орж ирэх байсан нь тодорхойгүй хугацаагаар хойшиллоо гэж ойлгож болно. Ханш гэдэг ерөөсөө л долларын үнэ шүү дээ. Нийлүүлэлт багассан юмны үнэ өсдөг нь зах зээлийн жам. Үүнээс гадна манай улс хүлээлтийн ханштай орон. Хүмүүс хүлээлтээрээ ханшаа удирдчихдаг. Тэгэхээр долларын ханш тодорхой хэмжээгээр өсөх нь тодорхой болчихлоо.

Ж.Дэлгэрсайхан: Үүсээд байгаа эргэлзээтэй байдал ханшид нөлөөлнө

СЭЗДС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан:

Ам.долларын ханшид нөлөөлнө. Долларын ханш сүүлийн үед шууд эрэлт, нийлүүлэлтээс илүүтэйгээр хүлээлт, ирээдүйн таамаглал дээр хүчтэй суурилж, өөрчлөгдөж байна л даа. Цаашдаа яах вэ гэдэг хандлага хүмүүсийн шийдвэр гаргалтад нөлөөлдөг нь манай улсын онцлог. Нөлөөлөлд суурилсан зарчим давамгайлж буй нь анзаарагдаж байна. Тэр утгаараа одоо үүсээд байгаа түр эргэлзээтэй байдал ам.долларын ханшид нөлөөлнө.

А.Билгүүн: ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн шийдвэр төгрөгийг сулруулна

MIBG үнэт цаасны компанийн захирал, хөрөнгийн зах зээлийн шинжээч А.Билгүүн:

ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн шийдвэр ам.долларын ханшийг чангалж төгрөгийг сулруулна. ОУВС-гийн захирлуудын зөвлөл хурлаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулна гэдэг нь нөгөө талаас хөтөлбөр амжилттай хэрэгжих магадлал багассан гэсэн үг. Энэ утгаараа ирэх өдрүүдэд орж ирэх долларын хэмжээ багасах магадлалтай гэж ойлгож болно. Ер нь санхүүгийн бүх моделиуд магадлал дээр суурилдаг. 

Ч.Хашчулуун: Монгол банкны бодлого тайван бол долларын ханшид савлагаа үүсэхгүй

МУИС-ийн багш, доктор, эдийн засагч Ч.Хашчулуун:

Аливаа тодорхой бус байдал үүсэхэд хөрөнгө оруулагчдад нэг асуудал тулгардаг. Тухайн орны валютаар мөнгөө хадгалах уу, өөр улсын валютаар хадгалах уу гэсэн сонголт үүсдэг. Эдийн засгийн бодлого эргээд тодорхойгүй байдалд орчихлоо л доо. Шинээр бүрдэх Засгийн газар Валютын сантай хэр сайн ажиллах вэ гэдэг нь одоогоор тодорхой биш байна. Ийм нөхцөлд зах зээл дээр долларын эрэлт үүсдэг. Ам.доллар аюулгүй сонголт гэдэг утгаараа эрэлт нь өсдөг тал бий. Засгийн газар ямар нэг буруу шийдвэр гаргавал төгрөгийн ханш унах эрсдэлтэй. Энэ тохиолдолд мөнгөө, хөрөнгөө доллар болгох тал давамгайлах учраас долларын эрэлт, ханш өснө. Гэхдээ Монголд нэг онцлог бий. Төгрөгийн нийлүүлэлт, ам.долларын ханшийг төв банк илүү зохицуулдаг учраас Засгийн газрын өөрчлөлт зуун хувь нөлөөлөхгүй байх магадлалтай. Төв банкны бодлогыг анхаарах хэрэгтэй. Монгол банкны бодлого харьцангуй тайван, ямар нэг эрсдэлгүй бол айхавтар савлагаа үүсэхгүй.