ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн өчигдрийн хурлаар Монголын асуудлыг хэлэлцэх байсан ч хойшилсон тухай Монголбанкнаас мэдээллээ. Тухайлбал Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа "ОУВС-гийн ажлын хэсэг хөтөлбөрийнхөө үнэлгээг II улирлын байдлаар хийж гүйцэтгээд явсан. Хөтөлбөрийн үнэлгээнд зорилтууд бүгд хангагдсан гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрсэн байгаа. Энэ дүгнэлтийг танилцуулах хурал есдүгээр сарын 25-нд болох байсан боловч хойшилсон. Хойшилсон нь Засгийн газар огцорсонтой холбоотой. Тэд шинээр бүрэлдэх Засгийн газартай уулзаж ОУВС-тай тохирсон бодлогын арга хэмжээнүүд цаашид хэрэгжих үү гэдгийг ярьж, тохирч, үнэлгээгээ хэрэгжүүлнэ гэсэн байгаа" гэв. Энэ нь ОУВС манай шинэ Засгийн газрын бодлогыг харзнаж байгаа хэрэг юм.