Уран зохиол хэмээх далай мэт гүн гүнзгий,  огторгуй мэт хил хязгааргүй ай саваас шүр сувд түүнэ гэдэг амаргүй хүнд хөдөлмөр билээ. Утга зохиолын шинэ үеийн залуу судлаач хүмүүний оюунаас урган гарсан ном судрын баялаг уурхайгаас үнэт эрдэнийн чулууг  билгийн мэлмийгээр нээж, мэдрэмжээр шинжлэн, мэдлэгээр дулдуйдан номын хорхойтон таны өмнө дэлгэн үзүүлж байна. 

Бид сургийг нь мэдэх төдий, эс бөгөөс огт дуулаагүй дэлхийн уран зохиолын дэвжээнд  цолгорон тодорсон шинэхэн "одод"-ын дотоод ертөнц, уран бүтээл туурвих арга барил, зохиол бүтээлийн цаад мөн чанарыг нээн харуулж, оюуны чөлөөт бичвэр, уран сайхны эсээгээрээ танилцуулж байгаа нь баярлам. Уран зохиолд шимтэн дурлаж, илүү сайхан ном олоод уншчих юмсан гэж эрэн бэдэрч явахад Баабарын "Дори Идэр дүүдээ", Г.Аюурзанын "Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил", "Утга зохиолын тухай яриа" хар номууд чухам л нүдийг минь нээж "жинхэнэ" уран зохиолын амтанд оруулсан билээ. 

Магадгүй түүнээс хойш гарч байгаа уран зохиолын талаарх хамгийн тулхтай, уншууртай ном энэ болж таарлаа. Уншигч бид зохиол хэмээх мөсөн уулын оройг л харж шимтэн сонирхдог бол усан доорх үлэмж их хэсгийн далд нууцыг нээхэд судлаач, шүүмжлэгчийн  үг үнэ цэнтэй юмаа.  "Уран зохиолын туйлын чанар нь бодит байдлыг бус, түүний цаадах мөн чанарыг нээхэд оршино. Тиймээс Достоевскийг унш" хэмээн алдарт зохиолч, судлаач Набоков захьжээ. Чухам тэр цаад, далд мөн чанарт нэвтэрч сурахад уншигч биднийг хөтлөх юм. Уншиж өссөн ч уран санааг нь төдийлөн ухаж мэдээгүй явсан Монголын зохиолч, яруу найрагчдыг дахин цоо шинээр нээж өглөө. 

Манай уран зохиолын аваргуудын шедевр бүтээлүүдийн өвөрмөц онцлог, уран чадвар, сэтгэлгээг хажуугийн өнцгөөс харж урлах арга барилыг цоо шинээр нээлээ гэхэд хилсдэхгүй.  Монголын уран зохиолын тэнгэрээс эрт харвасан "од" С.Анударийн дотоод ертөнц, уран бүтээлийн тухай "Огиудсын дараах таталбар" эсээгээр түүнийг "жинхэнэ"-ээсээ таньж мэдэж авлаа. Хятадаас төрсөн Нобелийн шагналт зохиолч  Мо Яны тухай "Өлөн зэлмүүний дуу хоолой" гэсэн дотор арзайлгасан, жихүүдэс төрүүлэм янзтай  бичвэр байна. "Үзэгдэл хоосны реализм"-ийг шинээр бүтээгч түүний зохиол бүтээлтэй хурдхан танилцахсан гэж адгуу хүсэл төрөв. 

Энэ мэтээр эсээ бичвэрүүд бүгд л өөр өөрийн өнгө төрх, өвөрмөц агуулгатай, цоо шинэ учраас дур сонирхол татам. Энэ ном бол мэргэжлийн судлаач, шүүмжлэгчийн уран зохиолыг задлан шинжилсэн, цаад мөн чанарыг нь нээсэн, гоо зүйг нь тодорхойлсон уран сайхны эсээ бичвэрүүд учраас гойд үнэ цэнтэй бүтээл юм. 

Хүний бүтээн босгосон бүхэн цагийн эрхээр сүйдэн балгас болон хувирдаг бол оюун санаанд цогцлоосон орд харш цагийн шалгуурыг даван өнө мөнхөд сүндэрлэсээр байх учир жанцантай юмаа. Уран зохиолын сор бүтээлүүдийг олж унших хүсэл эрмэлзлэлтэй хэн бүхэнд орчин цагийн утга зохиолын өнгө төрхийг тодорхойлж яваа үгийн урлагийн мастерууд, эрин зуун дамнасан суутнуудын оюуны ертөнц, бүтээл туурвилын онцлогийг танилцуулж байгаа энэ ном таны ширээний ном болно гэдэгт эргэлзэхгүй байна. ИРЭЭДҮЙ БОЛ МЭРГЭН ЗӨНЧ, ЦАГ ХУГАЦАА БОЛ ШУДАРГА ШҮҮГЧ учраас дараагийн зуунд ямар бүтээлүүд шалгаран үлдэхийг тодорхойлох учиртай билээ. Тийм ч учраас уран зохиолын эсээ номоо ЦАГ ХУГАЦАА ХЭЛНЭ хэмээн нэрлэсэн буйзаа.