Монгол Улсын Засгийн газраас тав дахь жилдээ зохион байгуулж буй “Оюутан цэрэг” сургалтын цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтын нээлт өчигдөр/06.30/ ҮБХИС-ийн Шархад дахь хээрийн сургалтын төвд боллоо.

“Оюутан цэрэг” сургалт нь их, дээд сургуулийн оюутан залуусыг цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамруулснаар өвөг дээдсийнхээ дайчин өв уламжлал, өнөөгийн цэрэг, армийн ололт амжилтаас суралцсан, эх оронч хүмүүжилтэй, оюунлаг, өндөр боловсролтой өв тэгш монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой юм.

“Оюутан цэрэг-2018” цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтын нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, ҮБХИС-ийн захирал хурандаа П.Жаргалан нар болон МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС зэрэг их сургуулиудын захирлууд оролцлоо.


Сургалтыг нээж ҮБХИС-ийн захирал, хурандаа П.Жаргалан үг хэлэв. Мөн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа оюутан цэргүүдэд баяр хүргэж үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ, "Оюутан цэрэг” сургалтыг оюутан залуус, ард иргэд сайн мэддэг, үүнд хамрагдахыг хүсч тэмүүлж байгаа нь нэн сайшаалтай. Бид оюутан залуусынхаа энэ хүсэл санаачилгыг бүрэн дэмжиж Батлан хамгаалах яамтайгаа хамтран бололцоотой бүх арга хэмжээг авах болно. Энэ жилд багтаан соёл хүмүүжлийн ажил явуулах задгай театр барьж өгөх хөрөнгө мөнгөний асуудлыг шийдсэнийг та бүхэнд хэлэхэд таатай байна. Энэхүү сургалт оюутан залууст өгөөжтэй, үр дүнтэй, цэргийн албаны шинэ хэлбэр болон хөгжиж байгаа тул бид цаашид бүхий л талаар дэмжиж ажиллах болно" гэлээ.

Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Цэргийн албаны тухай Монгол Улсын хуулиар цэргийн алба хаах нэг хэлбэр болсон уг сургалтад 2018 онд 1500 оюутан бүртгүүлснээс Улаанбаатар хотод 650, хөдөө орон нутагт 350 нийт 1000 оюутан хамрагдаж байна. Эдгээр оюутан залуус дөрөвдүгээр сарын 01-нээс зургадугаар сарын 01-ний хооронд онолын сургалтад хамрагдсан бол өнөөдөр ийнхүү цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтаа эхлүүлж байна.




Эх сурвалж: БСШУСЯ