Замын хөдөлгөөний удирдлагын төв санаачлан, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн хүүхэд залуучуудын газар хамтран оюутнуудад хотын соёлын талаар сургалт хийхээр болжээ. Тодруулбал,  МУБИС-ын 45 оюутанд замын хөдөлгөөнд хэрхэн оролцох, хотод амьдрахад мөрдөх дүрэм журмыг танилцуулах сургалтыг өнөөдөр 12.00 цагаас зохион байгуулах аж.

Нийслэл хотод жил бүр хэдэн мянгаар тоологдох оюутан сурагчид хөдөө орон нутгаас ирдэг. Тэдэнд зайлшгүй мэдэх шаардлагатай зүйлсийг нь хэлж, сургах нь хотын амьдралд хурдан зохицоход нь нэмэртэй хэмээн уг сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтыг автобусан дотор хөдөлгөөнт хэлбэрээр зохион байгуулах бөгөөд байгууллага бүр өөрсдийн танилцуулгыг хийж чөлөөт асуулт, ярилцлага хийх юм.