Манай гарагийг хэт ягаан туяанаас хамгаалдаг озоны давхарга 10 жилийн хугацаанд 1-3 хувиар нөхөгдөн сэргэж байна. Ийм дүгнэлтийг дөрвөн жилд нэг удаа гаргаж, танилцуулдаг озоны давхаргын төлөв байдлын талаарх эрдэмтдийн ээлжит тайлан илтгэлд хийжээ. 

Агаарын мандлын 11-50 км-ын өндөр давхаргын янз бүрийн хэсгүүдэд 2000 оноос хойш озоны давхарга 10 жилийн хугацаанд 1-3 хувийн хурдацтайгаар нөхөгдөн сэргэж буйг эрдэмтэд тогтоосон байна. Хойт тал бөмбөрцөгийн болон дунд өргөргийн озоны давхарга 2030 он гэхэд, Өмнөд тал бөмбөрцөгийнх 2050 онд, туйлын бүсүүдийнх 2060 он гэхэд бүрэн нөхөгдөн сэргэх төлөвтэй байна. 

Эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүн нь 1989 оноос хэрэгжиж эхэлсэн Монреалын Протоколд хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэгийн авч хэрэгжүүлсэн алхамууд нь агаар мандалд озоны давхаргыг гэмтээдэг хорт бодисуудын хэмжээг бууруулахад хүргэж, уг давхарга нөхөгдөн сэргэж эхэлснийг батлан харуулж байна гэж эрдэмтдийн ээлжит тайлан илтгэл нийтлэгдсэнтэй холбоотойгоор Дэлхийн цаг уурын байгууллагаас НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөртэй хамтран гаргасан хэвлэлийн мэдээлэлд онцлон дурджээ.  



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS