Дархан-Уул аймагт барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Минж Проперти” компани 12 сарын хугацаатай, жилийн 17 хувийн хүүтэй, өөрийн хөрөнгөөр баталгаажсан нэг тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий “Парк Таун” бондын анхдагч зах зээлийн арилжаа амжилттай явагдаж дууссан байна. 

Ингэснээр нэг бүр нь 10 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 100 мянган ширхэг үнэт цаасыг олон нийтэд санал болгосноор нэг тэрбум төгрөгийн хөрөнгө татан төвлөрүүлэх үйл ажиллагааг Монголын үнэт цаасны биржийн анхдагч зах зээлийн арилжааны “MSX Trading” платформ дээр зохион байгуулжээ. 

Үнэт цаасны захиалга нийлүүлэлтээсээ ялимгүй давсан бөгөөд “Парк Таун” бонд нь тус биржийн “анхны бонд” гэдгээрээ онцлог байв. Уг бүтээгдэхүүний хоёрдогч зах зээлийн арилжаа удахгүй эхэлнэ гэж Монголын үнэт цаасны биржээс мэдээллээ. Бондын зуучлагч үнэт цаасны компаниар “Дэлгэрхангай секюритиз ҮЦК” компани ажилласан байна. 

Монголын үнэт цаасны биржийн гишүүн брокер, дилер, андеррайтерын компаниуд энэ сарын 3-7-ний өдрүүдэд “Парк Таун” бондын үнэт цаасны захиалгыг олон нийтээс хүлээн авчээ. Монголын хөрөнгийн зах зээлд компанийн бондын арилжаа 2001 оноос эхэлсэн бөгөөд энэ оны анхны компанийн бонд “Парк Таун” болж, хөрөнгө оруулагчдын хүртээл ийнхүү боллоо.