Нийслэлийн ИТХ-ын ээлжит 18 дугаар хурал өнөөдөр боллоо. Тус хуралдаанд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар гаргасан 70 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү танилцуулав.

Тэрээр Улаанбаатарын замын хөдөлгөөнд өдөрт 300 мянган жолооч оролцдог. Түүний олонх нь Бага тойруу орчмоор явдаг аж. Тиймээс орц, гарц нээж, сэтгэлгээ зам олныг байгуулж буй. Ингэснээр томоохон уулзваруудын хөдөлгөөний  ачаалал багасах тооцоотой. Мөн иргэдийг нийтийн тээврээр зорчуулах арга хэмжээ хэрэгжүүлж буйг онцоллоо. 2017, 2018 онд нийтийн тээврийн 11 шинэ чиглэл нээжээ. Мөн ид ачааллын үеэр автобусны тоог нэмдэг байна.

Мөн түүнчлэн сургуулийн автобусны тоог олшруулж, замын хөдөлгөөний ачааллын мэдээллийг цахимаар мэдээлэх гээд олон арга хэмжээ авч байгааг дурьдав. Удахгүй төмөр болон авто замын огтлолцлыг салгахаар 6-н нүхэн гарц барих юм байна. Зураг төсөл нь гарсан бөгөөд ажлыг ирэх хавар эхлүүлэхээр болжээ. 

Томоохон уулзваруудад шар дөрвөлжин тэмдэглэгээ хийж, түгээлтийн автомашиныг хөдөлгөөний ид ачааллын бус цагаар  хөдөлгөөнд оролцдог болгох шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлж ажиллахаар болсон тухай нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү мэдээллээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ