Насан эмнэлгийн давчуу урт хонгилд орж ирүүт тэртээ буланд өлгөөтэй нүсэр том гуутай зураг нүдэнд нь тусжээ. Байгалийн сүр хүчийг харуулсан Улаан цутгалангийн хүрхрээний зураг түүнд "үхлийн бэлгэдэл" мэт сэрхийж байна. "...ЦАВЧИЛ ХАДНЫ АНГАЛ ДӨЛГӨӨН УРСГАЛЫГ ГАНЦ АГШИНД СҮЙТГЭН БУСНИУЛЖ ХАЯЖЭЭ..." Насанд амьдрал хэмээх их мөрний урсгал гэнэт тасалдах нь гэсэн зөн совин харваж буй нь тэр. "...ИНГЭЭД ДУУСЛАА ДАА. ЭНЭ ЗУРАГ ДЭЭРХ ШИГ Л НЭГМӨСӨН УНАЖ ДУУСЖЭЭ..." гэсэн түүний харуусал бол үхэл үүдэнд иржээ гэдгийг гэнэт сэхээрч буй хүний бодол.

Гэнэт зүрх нь өвдөж эмнэлгийн хаалга татахаас өмнө цэл залуу насанд үхэл гэгч нөхцөл болзолгүй үнэнтэй гэнэт нүүр тулна гэж зүүдлээ ч үгүй биз. Ажлын газрынх нь Сувдаа бүсгүй түүнийг эргэж иржээ. "...ШИЛЭН ХААЛТ ТҮҮНИЙГ СУВДААГААС ТУСГААРЛАНА. ЕР НЬ ХЭН Ч ГЭСЭН ЗАХ ЗААГТАЙ ӨӨРИЙН ГОРТИГ ДОТРОО АЖ ТӨРДӨГ БАЙНА..." Бид өчнөөн жил нэг дор ажиллаж амьдарлаа ч бие биенийхээ сэтгэлийн гүнд нэвтэрч чадахгүй "шилэн хаалт"-ны цаанаас л харж явдаг өрөвдөлтэй хүмүүс юм. Хамт ажилладдаг тэр хоёрт ярих юм олдсонгүй. Харин Насан ээжийгээ, бага насаа, анхны хайртай бүсгүйгээ дурсаж байна. Ойрхон нь суух эр эм хоёр үр хүүхэд ойр зуурын юм ярилцана. Насан гэнэт гунигт автав. "...НАСАНД УРЬДАХ АМЬДРАЛ НЬ ХЭНД Ч ЮУНД Ч ОГТ ХЭРЭГГҮЙ , ЯМАР Ч УТГА УЧИРГҮЙ ӨНГӨРСӨН ШИГ САНАГДЛАА..." Уг нь Насан шинэ байр сууцанд амьдардаг, боломжийн ажил албатай, боломжийн цалин мөнгөтэй давгүй сайхан амьдарч байсан хүн. Амьдрал энэ чигээрээ л урсаад мөнхөд үргэлжлэх юм шиг санаж гэнэ сэрэггүй гон бие гозон толгой явсаар дөнгөж гучин насны босгон дээр гэнэт "мотор нь доголджээ". "...САНАЖ САРВАЙХ ХҮНТЭЙ, БЭТГЭРТЛЭЭ САНАХ ҮР ХҮҮХЭДТЭЙ..." болж амжаагүйдээ гуниглаж байна. Ай, амьд л явах юмсан, юутай сайхан гэж санаашрана. Сувдаа урьдахаасаа нэг л өөр бүүр хайр булаам санагдаж, сэтгэлээ дэлгэн ярихсан гэж хүснэ."...НАДТАЙ СУУГААЧ ДЭЭ. ЭХНЭР МИНЬ БОЛООЧ. БИ ЧАМАЙГ ХАЙРЛАЖ ЧАДНА ШҮҮ!..." гэж тэр сэтгэл дотроо хашхирч байна.

Гэнэт үхлийн босгон дээр ирсэн түүнийг амьд явахсан гэх цор ганц хүсэл л эзэмдэх аж. Шөнө эмнэлгийн өвчтөнүүд нойр нь хулжин элдвийг хуучлахдаа эдгэрэхгүй өвчтэй хүнийг зуун жил хөлдөөдөг тухай яриаг сонсож хэвтэнгээ зүүрмэглэжээ...

Түүний зүрх эмчилгээгүй тул зуун жил хөлдөөхөөр шийдэж байна. Ээж нь, Сувдаа бас өчнөөн хүн шаваастай. Ээж нь хүүдээ зүрхээ өгье, миний хүүг л надад өгчих гэж уйлан хайлан гуйна. Гэвч хамгийн гачлантай нь ээжийнх зүрх болохгүй, өөр хүний зүрх болно. Насанд горьдлого төрж байна. Таньж мэддэг хэн нэгэн надад зүрхээ өгөх байх гэж. Гэтэл энэ сургаар нөгөө бужигнасан олон хүмүүс , Сувдаа ч алга. Ганцхан муу ээж нь л уйлан хайлсаар. "...НАСАНГИЙН ХӨЛӨӨС ХҮЙТ ОРГИЛОО. УДАЛГҮЙ ХӨЛ НЬ ХӨРӨӨД ГОЛ РУУ НЬ ХҮЙТ ОРГИВ. ТҮҮНИЙГ ХӨЛДӨӨЖ БАЙЛАА..." Ээж нь, Сувдаа, нөгөө хүмүүс бүгд цуглажээ. "...НАСАН ХАРАНХУЙ ХӨЛДҮҮ САВАНД МӨСӨНД ДАРАГДАН ХЭВТЭЭД УЙЛЛАА. НУЛИМС НЬ УРСАЖ ГАРААД ХӨЛДӨЖ МӨС БОЛНО..." Түүнд зүрх олдоогүй ямар ч найдвар байхгүй учраас хөлдөөж эхэлсэн тул хүмүүс гарч ганц ээж нь л үлдэнэ. Эцсийн мөчид ч горьдлого найдлага тасрахгүй үрээ аврахсан гэж мэрийж байгаа хөөрхий эх хүүдээ зүрх олж өгөхөөр бужигнасан олны дунд орж байна. Хүмүүс, Сувдаа ч дөлж зугтана.

Хэд хоногийн дараа Сувдаа эмнэлэгт Насанг эргэхээр иртэл "Гараад явчихсан" гэх хачирхалтай хариу сонсчээ. "...БҮСГҮЙ ЗҮҮН ТИЙШ ЭРГЭВ. УРТ ХОНГИЛД ОРЖ ОЧЛОО. ГЭТЭЛ ХАНАНД ӨЛГӨСӨН ЗУРАГ НҮДЭНД ТУСАВ. ПЭЭ ЯМАР САЙХАН БАЙГАЛЬ ВЭ? ГЭЖ БҮСҮЙ ДУУ АЛДЛАА... Үнэндээ л тасархай гоё өгүүллэг. Өгүүллэг эхлэхэд Насанд гэнэтийн үхэл сүйрлийн "бэлгэдэл" шиг санагдсан Улаан цутгалангийн хүрхрээ төгсгөлд нь шинэ амьдралын эрч хүч, гэрэл гэгээний бэлгэдэл болон бүсгүйн нүдэнд тусаж байна. 


Хүн хүнээ хэзээ ч таньж мэдэж чадахгүй. Хүн өөрийгөө ч бүрэн гүйцэд таньж мэдэж чаддаггүй учраас тэр юм. Бидний хүн чанар, хүнлэг сэтгэл Насангийн "мөсөн"нулимс шиг мөстөж эхэлснийг зохиолч сануулж байна. Амьдрал гэдэг ердийн л нэг жамаараа урсах үйл явц юм шиг байтал гэнэт үхэлтэй нүүр тулсан тэр мөчид амьдралын гоо сайхныг жинхэнэ утгаар нь мэдэрнэ. Амьд явах, амьдрах юутай сайхан хэчнээн үнэ цэнэтэй болохыг ухаарч буй торгон мөч.


"Гүн ертөнц"-ийн зохиолч маань үнэхээр л гүн гүнзгий сэтгэлгээтэй, далд бэлгэдэл, зөн совингоор хүүрнэгч, уянга-сэтгэлзүйн их туурвилч юмаа гэж бахархах сэтгэл төрсөн юм. Зохиолын төгсгөлд Насанг үнэхээр хөлдөөв үү, зүүд юм уу, эсвэл нас барав уу, зүгээр болоод эмнэлэгээс гарсан уу аль нь ч тодорхой бус. " Жинхэнэ уран зохиолч хүн бүтээлээ үнэлэх, цэгнэх, тайлбарлах үйлээс ангид байх ёстой" гэсэн Дарма. Батбаяр гуай үг юутай үнэн! "Сармагчин бол Сармагчин " түүвэрт багтсан бүтээлүүд бүгд шедеврүүд. Гайхалтай, Ай, гайхалтай!