Санхүүгийн ертөнц дэх технологийн хувьсгал хэмээгдсэн финтекийн давалгаа хүчтэй өрнөж байна. Энэхүү зах зээлд гарч ирээд удаагүй, цоо шинэ платформ бол “Тусламжийг Хялбаршуулъя” уриатай Zeel платформ юм. Арилжааны банкуудын зээлийн хүүг хязгаарлах хууль батлах тухай яриа хэлэлцүүлэг өрнөхтэй зэрэгцэн гарч ирсэн уг технологийн шийдэл банк санхүүгийн салбарын өрсөлдөөнд цоо шинэ өнгө төрх нэмэх нь. P2P буюу хүнээс хүнд зээлэх үйл явцыг хамгийн хялбар хувилбарт оруулсан хэмээж буй Zeel платформыг үүсгэн байгуулагч нь П.Эрдэнэбаатартай ярилцлаа.

Тэрбээр Японы Хитоцубаши их сургуульд Бизнесийн удирдлагын магистрт суралцаж байхдаа 2010-аад оны эхэн үеэс нэвтэрч эхэлсэн blockchain, peer2peer технологи, түүнд суурилсан  шийдлүүдийн олон боломжуудыг анзаарч, судалдаг байжээ.  Банк, санхүүгийн салбарт олон ч сонирхолтой шийдлүүд оршин байх ёстой гэдэгт итгэдэг тэрбээр эх орондоо бүрэн цахимжсан санхүүгийн шийдлийг хэрхэн бүтээснээ ийнхүү ярьсан юм.


-Монголд шил даран финтек  компаниуд мэндэлж байна. Танайх блокчейн дээр суурилсан гэдгээрээ онцлог. Энэ технологийн ач холбогдлыг тайлбарлавал?

-Сүүлийн 5-6 жилд энэхүү технологийн дэвшил хүчтэй өрнөж байна. Цаг завгүй орчин үед уламжлалт санхүүгийн үйлчилгээний арга барилыг өөрчилж, хялбаршуулахад, мөн хүн хооронд санхүүгийн харилцааг холбож буй гэдэг утгаараа итгэлцлийг бэхжүүлэхэд блокчейн технологи нь маш чухал үүрэгтэй юм. 


Санхүүгийн харилцаанаас үүсч буй гэрээ хэлцлийн датаг цаасан архив болон төвлөрсөн серверт хадгалах бус блокчейн систем дээр бүртгэснээр бүх дата хэзээ ч устаж алга болох эрсдэлгүй болж байгаам. Ийм л аюулгүй баталгаатай шийдэл учраас дэлхийн олон улс оронд блокчэйнийг дэмжиж, хязгааргүй боломжийг нь хэрэглээндээ нэвтрүүлж байна.

Зээлийн мэдээллийг блокчейн дээр оруулах нь зөвхөн зээл авсан өгсөн эсэхийг баримтжуулахад л ач холбогдолтой зүйл биш л дээ. Хэрэв та хувийн санхүүдээ хариуцлагатай хандаж чадвал Zeel платформ танд санхүүгийн нэрийн хуудас үүсгэж өгч байгаа юм. Магадгүй өөр бусад үйлчилгээ авахад, эсвэл шинэ ажилд ороход Zeel дээрээ ийм түүхтэй гээд харуулахад өөрийгөө нүүр бардам батлах зүйлтэй болчихлоо гэсэн үг. Гадаад орнуудад зээлийн түүх маш олон зүйлд тухайн хүнийг тодорхойлох мэдээлэл баримт нь болж чаддаг.


-Хэдийгээр финтек компаниуд олон гарч ирсэн ч зээлийн хүү өөрчлөлтгүй явж ирсэн. Танайх энэ тал дээр ямар бодлого барих вэ?

- Хэрэглэгчдэд зээл өгч, авах үйл явцыг хялбаршуулж, зээлдэгч зээлдүүлэгч тал хоёулаа зээлийн нөхцөлөө өөрөө сонгодог, зээл олгогдох тохироо бүрдсэн тохиолдолд өөр хоорондоо гэрээ байгуулдаг технологийн хувилбарыг бид хоёр жил гаруй хугацаанд судалгаа, хөгжүүлэлтийг хийсний дараа нэвтрүүлж байна. 

Бид зээлийн хүүгийн хязгаарыг сарын 1-2 хувь дотор байхаар тогтоосноос бусдаар бүх зүйл зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн зарчмаар явагдах юм.


-Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ББСБ-уудын жигнэсэн дундаж хүү нь сарын 3-4 хувь орчим байгаа. Иргэдэд бага хүүтэй зээл авах эрэлт хэрэгцээ их байдаг. Тэгвэл нөгөө талд нийлүүлэлт хэрхэн явагдах вэ?


-Шийдэл маань зээлдэгч, зээлдүүлэгч хоёр талын харилцан итгэлцлийг дээд зэргээр хангах, тусламжийг хялбаршуулах зорилгын хүрээнд бүтээгдсэн. Зээлдүүлэгч талд бол мэдээж ашигтай учраас бид зээлийн нийлүүлэлтээ хангалттай өсгөж чадна гэж тооцоолж байгаа. Учир нь та бидэнд инфляцийн төвшнөөсөө хол илүү хувиар өгөөж хүртэх, нийгмийн томоохон асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулах боломж байна. 

Манай zeel платформ одоогоор зээл олгох иргэдээс хараахан хөрөнгө оруулалт татаагүй байна. Аргачлал тооцоо дээрээ ажиллаж байгаад тэр хаалгаа нээнэ. Ирэх 9 дүгээр сараас нээчих болов уу.

-Монголд 3 хүний нэг нь санхүүгийн апп хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Танай шийдэл бусад зээлийн апп-уудаас юугаараа ялгарах вэ?

-Ер нь сүнс, бие махбодь, бодол санаа гээд бүх зүйлээрээ Zeel платформ ижил төрлийн финтекүүдээс эрс ялгарна. Ижил төрлийн апп-уудтай давхардсан ижил зүйл байхгүй. Зээлийн хүү, хугацаа, өөрөө нөхцөлөө сонгодог нь, өөрийн мэдээллээ харж хянадаг гээд бүх зүйл ондоо шийдэлтэй. Адилхан зүйл нь гэвэл санхүүгийн үйлчилгээг гар утсаараа авах боломж юм. 

Гарсан зээлээс авах шимтгэлийн хэмжээгээ ч бас маш бага буюу зээл авах бүртээ 0,5 хувийн шимтгэлийг ганц удаад төлөхөөр тогтсон.

Зарим банкуудын хувьд энэ зардал 1 хувь хүртэл байдаг шүү дээ. Мэдээж бичиг цаас гээд үйл ажиллагааны зардалдаа зарцуулдаг болохоор тэр байх. Финтек компаниудын хувьд энэ нь технологийн давуу талаар шийдэгдэх учраас шимтгэлийг өндөр байлгах шаардлагагүй болж байна.


-Танайх шийдлээ зах зээлд нэвтрүүлээд 10 хоног өнгөрлөө. Хэр олон үйлчлүүлэгчтэй болоод байна вэ?

-Бид жилийн өмнөөс zeel апп-ийн туршилтын хувилбарыг гаргаж, 5 сарын 1-нээс зээлээ олгож эхэлсэн. Энэ хүртэл бид ямар ч маркетингийн идэвхжүүлэлт хийгээгүй ч хүмүүс маш идэвхтэй хандаж байна. 

zeel апп нээлтээ хийснээс хойш 32 мянган хүн манай апп-д бүртгүүлтэй байна гэсэн тоо гарсан. Тэднээс 11 мянган хүн зээлийн хүсэлтээ гаргачихсан, зээл олголт системийн чадамжаас хамааран боломжийн хийгдээд явж байна. Бид энэ төрлийн зах зээлийн орон зайг олж харсан ч ийм их хүлээлттэй байна гэж төсөөлөөгүй. Хүлээлтийг давсан их хүсэлт гаргасан нь иргэдэд бага хүүтэй, хялбархан авах зах зээл боломж хангалттай биш явж ирснийг харуулж байна. Бидэнд өдөрт дундажаар 1000-1500 орчим зээлийн хүсэлт ирдэг. 


- Танай шийдэл эдгээр хүмүүст ямар үнэ цэнэ, үр ашиг хүргэх вэ? Үйлчилгээ цаашид хэрхэн хөгжих талаар яриач?

-Биеэр ирж уулзаж, цаасан гэрээ байгуулах, нотариат орох шаардлагагүй, бүрэн цахимжсан барьцаагүй зээлийг сарын 1-2 хувь хүүгээр олгож байгаа нь цаашдаа хэвээр үргэлжилнэ.

Зээл хүсэгч нь орлогоо дансаар хүлээн авдаг насанд хүрсэн байх ба шалгуурын 50-аас дээш хувийг хангачихсан байхад тогтмол цалинтай, цалингүй, НДШ төлдөг төлдөггүй гэх ялгаварлалгүйгээр зээл авах боломжтой. 

Хэрэглэгч zeel.mn апп, эсвэл сайтаар бүртгүүлж, анкет бөглөөд, цахим банкны дансны холболтоо хийсний дараах 24 цагийн дотор зээлийн эрх үүсдэг. 

Ингээд олгогдсон зээлийн эрх, өөрийн сонгосон хугацаа, хүүгийн дагуу зээлийн хүсэлт явуулахад 5 минутын дотор зээл олгогдоно, байхгүй бол зээлийн хүсэлт платформ дээр 72 цаг байршдаг. Ерөнхийдөө хүлээх хугацаа нь таны сонгосон зээлийн нөхцөлийг зөвшөөрөх зээлдүүлэгчид хангалттай олон байгаа эсэхээс хамаарах юм.

Одоогоор хамгийн бага зээл нь 50 мянган төгрөгөөс эхэлж байгаа. Цаашид зээлийн дээд хэмжээг 10 сая төгрөг болгон өсгөж, хугацааг 12 сар болж сунгахаар ажиллана. Зээл олгогдох хугацааны хувьд зарим нэг асуудлаас болж хүлээх шаардлага гарч байгаа ч бид технологио хурдан хугацаанд сайжруулаад явна.


-Анзаараад байхад зарим хүмүүст банкны зээл, лизинг гэх мэт санхүүгийн үйлчилгээ хаалттай хүрдэг тал бий, үүнийг өөрчлөх шийдэл бий юу? 

-Нарантуул ОУХТ, Хүчит шонхор, Өгөөмөр гээд худалдааны төвүүдэд голдуу нийгмийн даатгал төлдөггүй иргэд худалдаа хийж байна. Тэдний дунд наймаа эрхлээд 10-20 жил болчихсон хүн олон. Тэр хэрээрээ санхүүгийн хариуцлага гэдгийг ойлгодог юм шиг санагдсан. Гэвч НДШ эсвэл үл хөдлөхийн гэрчилгээ гэх мэт олон шаардлагаас болоод зээл авч чаддаггүй. Үүнээсээ болоод хувь хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлдэг талтай. Энэ хэлбэрийг өөрчлөхөд манай технологи тусалж байгаа юм.

Zeel платформ тухайн хүнийг багш, ЖДҮ эрхлэгч, наймаачин, бизнес эрхлэгч гэдгээр нь ялгахгүй. Дансны тань орлого, зээлийн мэдээллийн сан дах түүхийг л шалгана гэсэн үг.

Би 2016 онд Шүрэн Капитал ББСБ-г байгуулж нийгмийн даатгал төлдөггүй худалдаа наймаа, үйлчилгээ эрхлэгчдэд 35 сая хүртэлх төгрөгийг барьцаагүй олгож байлаа. Зээлийн эдийн засагч маань гэрт нь очиж амьдралын хэв маяг, зан үйлийг нь харсны үндсэн дээр олгодог итгэлцлийн зээл юм л даа. Тухайн үед сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлдэг байсан. Итгэж зээл өгсөн тэдгээр харилцагч нар маань бүгд зээлээ эргэн төлсөн байдаг юм. Тэгэхээр миний харж байгаагаар энэ хүмүүс шиг орлоготой, хариуцлагатай бүлгийнхэн. Тэдэнд санхүүгийн дөнгөнд оруулдаггүй, хүнд сурталгүй, ялгаварлалгүй олгодог бага хүүтэй зээлийн эх үүсвэр л дутагдаад байгаа хэрэг.


-Ингэхэд та яагаад энэ төрлийн зах зээлд хүч үзэхээр шийдсэн юм бэ?

-Монголд банканд очиж зээл авахад хэн нэгний орлогын төвшин, барьцаа хөрөнгө, гаднах үзэмжийг харна. Бас нас эсвэл тухайн зээлийн эдийн засагчийн хувь хүний сэтгэл хөдлөлийн байдал нь зээл гарах эсэхийг шийддэг. Харин программ буюу алгоритм нь ямар нэгэн ялгаварлалгүйгээр зөвхөн дата дээр үндэслэн үнэн бодит шийдвэр гаргаж өгдөгөөрөө давуу талтай.

Энд жишээ татая л даа. Ээж минь насаараа ажиллаж, улс орныхоо бүтээн байгуулалтад оролцон, нийгмийн даатгалаа нэг ч таслалгүй төлсөн, Монгол Улсын инженер хүн байдаг. Хүүхдүүдээсээ мөнгө авч үзээгүй хүн. Нэг удаа хэрэгцээ гараад банкнаас зээл авахаар хандсан юм билээ. Тэгтэл банк “Та ер нь зээл авах хэрэг байна уу, өндөр настай хүн юм байна шүү дээ...” гэх мэтээр хандаж хариулжээ. Хүнийг мөн чанараар, датагаар нь бус матераллаг байдал, насаар нь ялгаварлаж хардаг гадуурхсан хандлагаас болж зээл авч чаддаггүй хүн олон байдаг гэдгийг эндээс олж харсан. 

Би өөрөө санхүүгийн салбарт ажиллаж байгаагийн хувьд энэ тогтсон арга барилыг нь өөрчлөе гэж зориг шулуудсан шалтгааны нэг энэ. Цаанаасаа ч өөрчлөлт дуудах тохироо нь, технологийн боломж нь ч бүрдээд ирсэн. Анх энэ талаараа томоохон бизнесмэнүүдэд санаагаа цухуйлгаж үзсэн. Хоёр жилийн өмнө энэ талаар ярихаар ерөөсөө бүтэхгүй, боломжгүй санаа гээд шоолох янзтай ханддаг нь олон байлаа. Тэр үеийг бодвол одоо бодож санаж явсан ажлаа эхлүүлж зах зээлд амжилттай нэвтрүүлсэндээ сэтгэл хангалуун байна.

Андройд: https://play.google.com/store/apps/details?id=mn.zeel.app.new&hl=mn

iOS https://itunes.apple.com/mn/app/zeel-mn/id1433536972?mt=8