МОСКВА. /ТАСС/. Перугийн Ерөнхийлөгч Педро Пабло Кучински өчигдөр ард түмэндээ хандан үг хэлэхдээ албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр шийдвэрлэснээ зарлажээ.
 
“Төрийн тэргүүний албан тушаалаасаа чөлөөлөгдсөн нь улс оронд минь илүү дээр байх болно гэж би бодож байна. Эв нэгдэл, эв түнжинг хангах замаар явах боломжийг надад олгосонгүй. Харин би ард түмнийхээ заавал замнах ёстой замд нь саад болмооргүй байна. Сүүлийн өдрүүдийн тодорхойгүй байдлаас болж эх орон, гэр бүлээ зовж шаналаасай гэж хүсэхгүй байна” хэмээн П.Кучински ярьсан байна.
 
Төрийн тэргүүний албан тушаалаасаа огцрох шийдвэрийг П.Кучински сайд нартай хийсэн шуурхай зөвөлгөөний дараа гаргасан байна. Бразилийн “Odebrecht” барилгын компани орооцолдсон авлигын сүлжээтэй холбоотой дуулиан дэгдсэнтэй холбогдуулан П.Кучинскид итгэл үл үзүүлэх асуудлыг парламент авч хэлэлцэхээс нэг өдрийн өмнө П.Кучински уг шийдвэрээ гаргажээ.
 
П.Кучинскийг огцруулах санаачлага нь “Odebrecht” компанийг тойрсон хээл хахуулийн дуулиан шуугианаас үүдэн гарсан юм. Тус компани нь 2004-2013 онд зөвлөх үйлчилгээ үзүүлснийх нь төлөө шагнал болгон Перугийн одоогийн ерөнхийлөгчтэй холбоотой компаниудад 8,4 сая ам.доллар шилжүүлжээ. Түүнчлэн тус компанийн менежер Жоржи Барата мэдүүлэг өгөхдөө П.Кучинскийн сонгуулийн кампанит ажлыг санхүүжүүлсэн хэмээн өнгөрсөн сарын 28-нд мэдэгдсэн байна. Харин Бразилийн компаниас мөнгө аваагүй гэдгээ Перугийн ерөнхийлөгч нэг бус удаа мэдэгдэж байсан юм.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг