Их Британи улс Pfizer/BioNTech вакцины хоёр дахь тунг хийхийг түр азнах шийдвэр гаргаж байсан нь судалгаа, шинжээчдийн багийн 80-аас дээш насныханд хийсэн судалгаагаар дэмжигдсэн байна. Учир нь вакцины хоёр дахь тунг 12 долоо хоногийн дараа хийлгэсэн хүмүүсийн биед илүү хүчтэй эсрэг биетүүд үүсжээ. 


Бирмингемийн Их сургууль болон Английн олон нийтийн эрүүл мэндийн төвийн хамтарсан судалгаагаар вакцины хоёр дахь тунг 3 долоо хоногийн дараа хийлгэсэн хүмүүс болоод 12 долоо хоногийн дараа хийлгэсэн хүмүүсийн бие дэх эсрэг биетийг харьцуулж үзэхэд 3.5 дахин олон эсрэг биет илэрсэн байна. 


Вакцины хоёр дахь тунг хэзээ хийлгэснээс үл хамааран хүмүүсийн биед дархлаа тогтох ч, засгийн газрын шийдвэрийн улмаас хоёр дахь тунгийн саатал нь илүү сайн дархлаа тогтох нөхцөл болсон байж болзошгүй учир нь эсрэг биетийн тоо удах тусам олширдог юм.


Судалгааг удирдсан Доктор Хэлэн Парри хэлэхдээ, “Настай хүмүүст вакцины хоёр дахь тунг 11-12 долоо хоногоор хойшхи хугацаанд хийснээр тэдний биед үүсэх эсрэг биет илүү хүчтэй, олон болж тогтож байхыг үзлээ. Хоёр дахь тунг хэдий хугацааны зайтай хийлгэснээс хамааран үүсэх эсрэг биетийн харьцаа үнэхээр мэдэгдэхүйц байгаа” хэмээжээ. 


Вакцинжуулалтаа эхэлсэн эхний долоо хоногуудад Их Британи улс хоёр дахь тунг хадгалахгүйгээр ард иргэдээ вакцинжуулсан нь хүмүүсийг хурдацтай вакцинд хамруулах зорилготой байжээ. 

Учир нь Pfizer/BioNTech, Oxford/AstraZeneca вакцинууд хоёул нийлүүлэгдэж эхэлснээс 3-4 долоо хоногийн хугацаанд бүхий л нөөцөө дууссан юм.


Судлаачид хоёрдугаар сард ижил туршилтыг Oxford/AstraZeneca вакцин дээр хийсэн бөгөөд үр дүнгийн хувьд 12 долоо хоногийн дараа хийлгэхэд 2 дахин хүчтэй эсрэг биетүүд үүссэн байжээ. Гэвч хоёр дахь тунгийн хугацаанаас хамаарсан харьцуулалт бүхий судалгаа зөвхөн Pfizer/BioNTech дээр хийгдсэн нь энэ билээ. 


Эрдэмтэд нийт 80-аас дээш насныхны 175 сорьцыг шинжилсэн бөгөөд тэдний 99 нь хоёр дахь тунгаа 3 долоо хоногийн дараа хийлгэсэн бол үлдсэн нь 12 долоо хоногийн дараа хийлгэжээ. 

Эрдэмтдийн зүгээс тус судалгаа нь вакцины нөөц хомс, эрсдэлт бүлгийн хүмүүс олон байхад хоёр дахь тунг хэдий хугацааны дараа хийх вэ гэсэн асуудалд хариулт болж чадна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.


Эх сурвалж: The Guardian