2002 онд анх үүсгэн байгуулагдаж байсан “Playtime 2018” амьд хөгжмийн наадам өчигдөр Монгол шилтгээнд эхэллээ.

Энэ жил 17 дахь жилдээ болж буй тус наадамд эхний хамтлаг тайзнаа гарснаар амьд хөгжмийн хэмнэл энэ сарын 6, 7, 8-нд ирсэн зочдыг хөглөх юм.

Тус наадам нь орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой.

“Playtime” наадам нь Монгол улсад 1990-ээд оны сүүлчээр шинээр дэлгэрч эхэлсэн амьд хөгжмийн шинэ дуугаралт, түүний төлөөлөл болсон хамтлаг, дуучид, тэдгээрийн дуу хөгжмийг олонд хүргэх тайз нь болсноороо онцлогтой юм. Бидний сайн мэдэх олон хамтлагууд энэхүү наадмаар танигдаж байсан түүхтэй. 2002 оноос хойш нийт 500 гаруй хамтлаг, дуучин давхардсан тоогоор тус наадамд оролцож уран бүтээлээ хүргэж байсны дотор АНУ, ИХ Британи, ОХУ, Япон, Швед, Өмнөд Солонгос, Өвөр Монголоос урилгаар ирж оролцсон гадны хамтлаг олон бий. Тухайлбал, ОХУ-ын Муммий Тролль, Английн Peter Hook and The Lights, АНУ-ын The Pains of Being Pure at Heart, Японы Mono, Envy, Шведийн The Radio Dept. зэрэг дэлхийд алдартай хамтлагууд "Playtime "наадамд ирж тоглож байв.

Энэ жилийн наадамд дэлхийд алдартай AНУ-ын "Ariel Pink", Япон улсын “The Fin.”, “Lite", Монголын домогт "Хөх Тэнгэр", анхны синт рок "Сөрөг Хүч", пост панк "The Colors" тэргүүтэй хөгжмийн олон урсгалын танил, шилдэг, шинэ залуу 35 хамтлаг, Электроник дэнс хөгжмийн тайзнаа Италийн techno DJ Claudio PRC, Голландын Albert Van Abbe, Mонголын Biliguudei, TMK тэргүүтэй шилдэг 30 Ди-Жэй нийт 70 гаруй хамтлаг дуучин, уран бүтээлчид цэвэр агаарт 3 хоногийн турш “Playtime”, “Нааглихац”, "La Vie En Rose" гэсэн гурван тайзаар дамжуулан ѳѳрсдийн уран бүтээлээ хүргэх  юм. 

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг