БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өчигдөр  Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михал Лабендаг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Бүгд Найрамдах Польш Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хооронд “Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай хөтөлбөр"-ийн гэрээг шинэчлэн байгуулах талаар тохиролцов. Тус хөтөлбөрийн хүрээнд жил бүр 25 оюутан БНПУ-ын их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцаж байгаа юм. Хамтын ажиллагааны хүрээнд цаашид 2 улсын их сургуулиудын хооронд дижитал банк санхүүгийн чиглэлээр хос дипломтой суралцуулах боломжтой гэдгээ БНПУ-аас суугаа элчин сайд Михал Лабенда ярилаа. 

Бүгд Найрамдах Польш улсад багш, сурган хүмүүжүүлэгчид, ялангуяа тусгай сургуулийн багш нарыг хоёр долоо хоногийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, зардал мөнгийг нь хамтарч гаргах талаар санал солилцов. Уулзалтын үеэр Шинжлэх ухааны салбарт 2 улсын салбарын яам хооронд археологи, палеонтологийн салбарт хамтран ажиллах санамж бичгийг ойрын хугацаанд зурах төлөвлөгөөтэй байгаагаа 2 тал илэрхийллээ.