Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор "Сарын шилдэг тамирчин"-г тодруулдаг.

Өмнөх саруудад энэхүү шагналыг Д.Сумъяа /жүдо/, П.Орхон /чөлөөт бөх/, Д.Батсүрэн /шатар/, 3x3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг, Б.Энххүслэн /усанд сэлэлт/, П.Тэмүүжин /тэквондо/ нар тус тус хүртэж байсан юм.

2018 оны гуравдугаар сарын шилдэг тамирчны шалгаруулалт энэ сарын 9-22-ны өдрүүдэд үргэлжилж, ялагчийн нэр тодорлоо. Өнгөрөгч сард Кыргызстан улсын нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдсан чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний аварга болсон МУГТ П.Орхон олонхийн саналаар сарын шилдэг тамирчин болов.  Энэ нь анх удаа нэг тамирчин нэгээс илүү удаа сарын шилдгээр тодорч байгаа тохиолдол юм.

Түүнтэй хамгийн хүчтэй өрсөлдөөнийг ОХУ-ын Екатеринбург хотноо явагдсан жүдогийн их дуулга тэмцээнд түрүүлсэн амжилтаараа 2 дахь сардаа дараалан энэ шалгаруулалтанд өрсөлдсөн ОУХМ Ц.Цогтбаатар, мэргэжлийн сүмогийн Хару башёд түрүүлсэн их аварга Какүрюү М.Ананд нар үзүүлж удаах байруудад бичигджээ. 

“Сарын шилдэг тамирчин"-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулдаг. Гуравдугаар сарын шилдэг тамирчин шалгаруулах олон нийтийн санал асуулгад 1000 гаруй хөгжөөн дэмжигч, 30 гаруй спортын сэтгүүлчид оролцжээ.

ГУРАВДУГААР САРЫН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН

НИЙЛБЭР ДҮН:

М.Ананд – 16,2%
Э.Бэхбаяр – 8,8%
П.Орхон – 45,1%
Ц.Цогтбаатар – 17,5%
Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ баг – 12,4%

Олон нийтийн санал асуулгын дүн:

М.Ананд – 16,2%
Э.Бэхбаяр – 8,8%
П.Орхон – 65,2%
Ц.Цогтбаатар – 13,3%
Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ баг – 4,7%

Спортын сэтгүүлчдийн санал асуулгын дүн:

М.Ананд – 25,0%
Э.Бэхбаяр – 9,3%
П.Орхон – 25,0%
Ц.Цогтбаатар – 21,7%
Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ баг – 20,0%


Эх сурвалж: МҮОХ