Орчин үеийн сэтгэл судлал Фройдын психоанализын тусламжтай үсрэнгүй хөгжилд хүрч өнөөгийн хэлбэрээ олсон гэдэгт итгэдэг. Психоаналитик онол нь орчин үеийн сэтгэл судлалын бүх урсгал чиглэлийн үндэс болсон, үүргээ гүйцэтгэсэн онол билээ.

Монголын ихэнхи сэтгэл судлаачид Фройдыг бурхан мэт тахин шүтэх нь холгүй байдаг. Намайг их сургуулийн оюутан байхад энэ хүний мэндэлсэн өдрийг тэмдэглэж байлаа. Одоо ч хэвээр.

Энэ номыг хэвлэгдэхээс яг жилийн өмнө би экзистенциалист сэтгэлзүйч Виктор Франклын “A man search for meaning” бүтээлийг монгол хэлнээ орчуулан хэвлээд байв. Гуманизмын сэдэвт сонирхолтой ч психоанализыг над шиг туршлагагүй, уншсан ном багатай хүн шууд амьдралд буулгаж хэрэглэнэ гэдэг боломжгүй зүйл юм.

Жилийн өмнө нэг оюутан маань психоанализ сэдэвтэй эссе бичлэгийн уралдаанд ороход унших шаардлагатай номыг жагсаалт надаас хүсэв. Уг нь бидний хувьд ойрхон сэдэв хэрнээ унших материал бодоод олсонгүй. Төсөөлөөд үз дээ. Бид хүүхдэдээ уншуулах цагаан толгойн сурах бичиггүй мөртлөө “ойлгосон байх ёстой” гэж л даалгавар өгдөг юм байна.

Фройдын бичвэрийн өнгө аяс гаргууд байхын зэрэгцээ олон талын асуудлыг хөндөж бичсэн учир зөвхөн сэтгэл судлалын салбар гэхээсээ илүү нийгэм судлал, анагаах ухаан, урлаг гээд бүхий л салбарыг хамарчээ. Иймд монголд ч ялгаагүй бүх салбарын хүмүүс энэ талаар сонирхож уншдаг юм байна.

Гэвч дараах асуудлууд миний санааг зовоож байсан юм.

№1. Их сургуулиудад психоанализыг бүрэн гүйцэд тайлбарладаггүй. Ихэнхи оюутнуудад психоанализын ямар төсөөлөлтэй байдаг вэ гэхээр Фройд гэдэг өвгөн ерөөсөө сексийн тухай л бичсэн юм байна, за тэгээд хүүхдийн аналь, ораль. Энэ бүхэн ухамсаргүйтэй ямар нэгэн холбоотой. Ид, эго, суперэго ба ухамсаргүй.

-Асуудал бүрийн ард “наадах чинь ухамсаргүйн асуудал”.

-Яаж мэдэж байгаа юм?

-Фройд тэгсэн.

Гүйцээ. Гэвч психоанализ хүүхдийн хөгжил, зүүдний тайлал, бэлгийн амьдрал, хүний сэтгэлзүйн хэв шинж, нийгэм, улс төр, урлаг уран сайхан зэрэг олон чухал ойлголтуудаг бичсэн байдаг. Тэр байтугай гомосекс бэлгийн чиг хандлага хэрхэн үүсдэг тухай өөрийнхөө өнцгөөс ч тайлбарлажээ. Ер нь их сургуульд психоанализыг бүрэн гүйцэд тайлбарлах шаардлагагүй бөгөөд оюутан өөрөө бие дааж унших зүйн хэрэг. Гэвч клиник сэтгэл судлалд психодинамик-ыг ойлгоё гэвэл хаанаас унших вэ?

№2. Гуйвуулах асуудал. Урлагийн хүмүүс “Эдипийн комплекс”-оор психоанализыг тэр чигт нь тайлбарладаг нь хөгжилтэй санагдсан. Манай салбарын хүмүүс ч гэсэн алхам бүрээ “ухамсаргүйн” гэж ярьдаг. Тэгээд ч психоанализ ховстой ямар ч хамаагүй гэдгийг энд хэлмээр байна. Психоанализын хөгжлийн бүр эхэн үед ховс үр ашиггүй байжээ гэдгийг ойлгоод хаясан байдаг. Ховсыг кино шиг ойлгох хэрэггүй.

№3. “Психоаналист”. Миний номыг уншаад психоаналист болохгүй л дээ. Харин психоанализид нэвтрэх ердөө эхний шат, гишгүүр гэж итгэлээ. Олон янзын ойлголтуудыг тал бүрээс нь харах боломж олгож байгаа гарын авлага юм уу даа. Өөх ч биш, булчирхай ч биш байхаар бүрэн гүйцэд мэддэг, мэдсэндээ эзэн нь байдаг хүмүүс олон болоосой.

№4. Гадаад явж, юм үзэж нүд тайлсан нөхөд маань “одоо хүртэл психоанализаа ярьсаар л байна уу” гэдэг. Юутай үнэн бэ. Тэдний үзэж мэдсэнээр психоанализыг үхэн хатан ярьдаг, хамгаалдаг үе өнгөрөх бүү хэл жаахан ичдэг гэсэн. Тэгээд ч сэтгэл судлалыг технологитой холбож хөгжүүлдэг болсон орчин үед Фройдын зүүдний тайлал гээд ярихаар ичгэвтэр байдаг. Гэвч тэдгээр хүмүүст хандаж хэлэхэд байшинг “дээврээс нь эхэлж барьдаггүй юм”.

Энэ номыг бичихэд багагүй хичээлээ. Гэвч энэ номыг бүтээхэд туслалцаа үзүүлсэн хүмүүсийн дэргэд миний зүтгэл юу ч биш билээ. Энэ номын ард миний гэр бүл, найз нөхөд болон мэргэжил нэгтнүүд минь үнэлж баршгүй туслалцаа үзүүллээ. Мөн МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн доктор, профессор М.Дэлгэржав багшийн харамгүй өгсөн урам, мэргэжлийн зөвлөгөө, Гэрэг сэтгүүлийн автор, Тагтаа паблишингийн редактор У.Бямбаням, хавтасны дизайныг урлаж өгсөн Ц.Төмөрчөдөр нартаа маш их баярлалаа.

Л.Энхтүшиг