АСЕМ-ын зардалд хийсэн аудитын тайланд тухайн үеийн зарим албан тушаалтан их хэмжээнийн мөнгө завшсан хэмээн буруутгагдаад буй юм.

Тэдгээр буруутгагдсан албан тушаалтнууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголд АСЕМ зохион байгуулах үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаан "Буруу мэдээллээр хүмүүсийн хийсэн үйлсийг харлуулж байна. Миний нэр цагаан, мөр цагаан. Би улсаас ганц ч төгрөг амьдралдаа хулгайлж үзээгүй. Миний ажиллаж байсан бүх байгууллага тухайн жилийн төсвөө хэмнээд үлдсэн мөнгөө байнга Сангийн яаманд тушааж байсан. Би хулгай хийсэн хүнд үнэхээр дургүй. 

Ийм байтал хяналт шалгалтын байгууллага хүний нэр хүндэд халдаж, түүний дотор Аудитын газар Монголын төрийг самууруулж байна. Яагаад гэхээр худал мэдээлэл тарааж, нийгмийг бухимдуулж байна. Бидний хэнтэй ч уулзаагүй байж үндэслэлгүй дүгнэлтүүдээ прокурорт шилжүүлж, хуулийн байгууллагаар чулуу хөөлгөчихөөд араар нь хулгай хийж буй нь түрүүчээсээ илэрсэн. Энэ байгууллагыг удирдаж буй ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 750 сая төгрөгийг хулгайлсан байна. Ийм хүн яаж хяналтын байгууллагыг авч явах юм. Ингээд хяналтын байгууллага шударга ажиллахгүйгээс болж олон түмэн шударга ёс, хуулинд, төрд итгэхгүй байна. Энэ худал, бохир гүтгэлгээ зогсоохыг би шаардаж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагынхан надад итгэ, миний мөр цагаан. Аудитын газар 72 цагийн дотор алдаатай дүгнэлтдээ залруулга хийж, уучлал гуйхыг шаардаж байна" хэмээн ярилаа.