НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп санхүүгийн луйвар үйлдсэн гэх хэргийг мөрдөн шалгахтай холбоотой цуврал материалуудыг нийтэлсэн “The New York Times” сонины сэтгүүлчид Америкийн сэтгүүлзүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Пулитцерын шагналыг хүртжээ.

“The New York Times” сонины сэтгүүлч Дэвид Барстоу, Сюзэнн Крейг, Расс Бюттнер нар энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн байна. Тэдний 18 сарын хугацаанд хийсэн сурвалжлага нь өөрийнхөө хүчээр баяжсан хэмээх Ерөнхийлөгч Д.Трампын мэдэгдлийг няцааж, татвараас зайлсхийх явдал дээр үндэслэн боссон бизнесийнх нь үнэн мөнийг илрүүлжээ. 

Түүнчлэн Д.Трамп хоёр эмэгтэйн амыг таглахын тулд тэдэнд нууцаар мөнгө төлсөн талаар мэдээлсэн цуврал материалуудыг нийтэлснийхээ төлөө “The Wall Street Journal” сонин Пулитцерын шагнал хүртсэн байна. Мөн Питтсбургт болсон халдлагын талаар мэдээлсэн “Pittsburg Post” сонин тус шагналыг хүртсэн бол Паркленд хотын “Marjory Stoneman Douglas” ахлах сургуульд болсон халдлагын талаар сурвалжилсан “Sun Sentinel” сонин мөн энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болжээ.  

Associated Press” агентлаг Филиппин дэх хар тамхины наймаачидтай өрнүүлсэн тэмцлийн үеэр үйлдэгдсэн хэд хэдэн харгис хэрцгий аллагын талаар хийсэн сурвалжлагаараа энэхүү шагналыг хүртсэн байна. Түүнчлэн Мьянмар дахь рохинжа дүрвэгсдэд хүчирхийлэл үйлдсэн талаарх үйл явдлыг мэдээлснээрээ “Reuters” агентлаг мөн Пулитцерын шагнал хүртжээ. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг