Тэрэлжийн тусгай хамгаалалттай бүсэд байрлах Red Rock Resort-ын төв хаалгаар ороход л цэвэр цэмцгэр, тохилог гэдэг нь харагдана. Модон хана, шал, гэрэл гэгээтэй орчин, тод цэнхэр өнгө, уран зураг зэрэг нь нийлээд энгийн хэрнээ гоёмсог, дотно хэрнээ сүрлэг орчинг цогцлоожээ. 

Төв байрандаа стандарт, гэр бүлийн, делакс гэсэн гурван төрлийн өрөөтэй. Цэвэр цэмцгэр, тав тухтайгийн тал дээр ярих юмгүй юм. Стандарт өрөө нь бүгд урд зүг, гэр бүлийн өрөөнүүд нь бүгд хойд зүг харсан тул та сонголтоо зөв хийгээрэй. Нар эрсэн бээрэг хүн бол наран тал руу харсан өрөөнөөс нь сонгохыг зөвлөе. Гэхдээ та бүхэнд л гэж зөвлөхөд буудлын өрөөнөөс илүү Red Rock гэр, байшингуудаас нь сонголтоо хийх хэрэгтэй. Тэндхийн энгийн Цомцог гэр гэхэд л шалны халаалттай, цонхтой болохоор даарах бээрэх, халууцахад санаа зовох зүйлгүй. 


Хувийн зүгээс бол өвлийн улиралд байшинг нь сонгохыг зөвлөнө. Учир нь зочид буудлын энгийн өрөөнүүдийг бодвол зай талбай ихтэй, тухтай, таатай уур амьсгалтай бөгөөд байгальд илүү ойр мэдрэмж төрүүлнэ. Байшин руу орвол хоёр ортой унтлагын өрөө, жижиг ариун цэврийн өрөө болон зочны өрөө гэсэн гурван хэсэгтэй. Таазнаас шал хүрсэн булангийн том цонх нь хамгийн гоё нь. Цайвар цулгуу хөшигний дэргэд зогсоод том цонхоор нь байгаль ширтээд, аяга халуун шоколад уувал танд яг л киноны гол дүр шиг мэдрэмж төрнө. Байшингийн онцлог гэвэл гал зуухтай, хоол хийх сав, хэрэгслээр хангаж өгсөн. 

Red Rock байгууллага, хамт олныг хүлээж авахад илүү их анхаарч, ерөнхий шийдлээ ч ийм байдлаар тооцоолжээ. Хөлбөмбөг, газрын теннис, сагс, гар бөмбөгийн талбай нь цэвэрхэн, тав тухтай, чанартай. 50-400 хүний багтаамж бүхий дөрвөн төрлийн хурлын танхим, VIP уулзалт хийх хоёр өрөөтэй. Өрөө, танхим бүр гэрэлтүүлэг, дуу тусгаарлагч, дугаралт сайтай, яг л хурал хийхэд зориулан олон улсын стандартын дагуу шийдсэн.

Хоолны тухайд европ, монгол гэсэн дэд ангилалтай. Хэрэв та гэр бүлээрээ амрах гэж байгаа бол 30 мянган төгрөгт багтах “Салями” болон “Маханд дурлагсад пицца”, “Чанасан хонины толгой”-г санал болгомоор байна. Хоолны үнэ дунджаас дээш, шарсан төмс л гэхэд 8,900 төгрөг гэхээр хотын дундаж рестораны цезарь салаттай тэнцэнэ. Цуйван нь 22,900 төгрөг, гэхдээ бөх хүн л идэж барахаар их хэмжээтэй, амт чанар сайтай. Дундаж ходоодтой хоёр хүн хуваагаад идчихэж болмоор.

Надад хамгийн их таалагдсан зүйл бол гадаах үйл ажиллагааны талбайнууд. Тоглоомын талбай, спорт талбайнууд нь амралтын газрын дийлэнхийнх нь дүр зураг болсон эвдэрхий хэдэн төмрөөс эрс ялгарна. Хөлбөмбөгийн талбай гэхэд л хашаатай, үзэгчийн суудалтай. Албан байгууллагаараа цэвэр агаарт амрангаа тэмцээн уралдаан зохион байгуулахад нэн тохирохоор санагдлаа. Тоглоомын талбайн тоглоомууд олон янзын сонголттой болохоор таны хүүхэд хэсэгтээ л сатаарчихна. Дулааны урь орсон энэ үед агаарлахад хамгийн сайхан дээрээ байна лээ.  

Караоке, фитнесс төв, хүүхдийн тоглоомын танхимтай. Бүгд засал чимэглэл сайтай, өндөр чанарын тоног төхөөрөмжтэй. Гэхдээ хувийн зүгээс хэлэхэд, Red Rock гадаа сууж, амрах зай талбай, тав тухыг өндөр хангасан тул дотор нэг их цаг битгий өнгөрөөгөөрэй.