СӨҮЛ. /Yonhap/. Францын автомашин үйлдвэрлэгч “Renault” компани цалин, ажлын цагийн талаарх үйлдвэрчний эвлэлийн маргаантай холбоотойгоор БНСУ дахь цорын ганц үйлдвэрийнхээ үйл ажиллагааг даваа гарагт зогсоосон байна.

Renault” компанийн БНСУ дахь “Renault Samsung” компани Сөүл хотоос 450 километр зайд оршдог Бусан хот дахь үйлдвэрийн үйл ажиллагааг даваа, мягмар гарагт түр зогсооно гэж компанийн мэдэгдэлд дурджээ. 

Renault Samsung” компани болон үйлдвэрчний эвлэлийнхэн цалин, бусад асуудлаар сүүлийн зургаан сарын турш ямар нэг тохиролцоонд хүрээгүй ажээ. Уг эвлэл нь өнгөрсөн оны 10 дугаар сараас энэ оны дөрөвдүгээр сарын 19 хүртэлх хугацаанд 62 удаагийн ажил хаялт зарласан нь компанийн үйлдвэрлэлд 14320 гаруй тээврийн хэрэгслийн алдагдал учруулсан байна. 

“Үйлдвэрийн үйл ажиллагаа пүрэв гарагаас хэвийн үргэлжилнэ. Компани, үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл мөн пүрэв гарагт уулзахаар тохиролцсон” гэж “Renault Samsung” компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. 

Компанийн удирдагууд бүтээгдэхүүний гарцыг хэвийн хэмжээнд байлгахыг эрмэлзэж байгаа бол эвлэлийн гишүүд цалинг нэмэгдүүлж, ажлын цагийг багасгахад гол анхаарлаа хандуулж байгаа юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг