Намынхныхаа дэмжлэгийг алдсан Румын улсын Ерөнхий сайд Михай Тудосе албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч буйгаа мэдэгдлээ гэж “Би-Би-Си” телевиз мэдээллээ. Ингэснээр долоон сарын хугацаанд тус улс хоёр дахь ерөнхий сайдаа “алдаж” байна.

Социал-Демократ намын гишүүн Ерөнхий сайд М.Тудосе даваа гарагт буюу өчигдөр мэдэгдэл хийхдээ “Би нүүр бардам, өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа бууж байна” гэжээ. Социал-Демократ намынхан М.Тудосе-г ерөнхий сайдын албан тушаалаас буцаан татахаар зэхэж байна гэсэн мэдээлэл гарсны дараа тэрбээр огцорч буйгаа мэдэгдлээ.

Түүний өмнө тус улсын ерөнхий сайдаар ажиллаж байгаад, өнгөрөгч оны зургадугаар сарын сүүлчээр огцорсон Сорин Гриндяну мэдэгдэл хийхдээ “Энэ нам эрх мэдлийн төлөөх тэмцэлд нэрвэгдсэн” гэж байсан юм.
 
Саналын хуудасны булхай болон авлигатай холбоотой дуулиан шуугианы улмаас нэр хүнд нь унаад буй Социал-Демоктрат нам ард иргэдийн итгэлийг эргэн олж авахыг оролдсоор байна

Европын Холбооны хамгийн ядуу буурай улс орнуудын нэг болох Румыны улс төрийн байдал тогтворгүй байгаа боловч эдийн засаг нь эрчимтэй өссөөр байна. 2018 онд тус улсын эдийн засаг 5.5 хувиар өсөхөөр байна. Харин төсвийн алдагдал нь ЕХ-ны гишүүн улс орнуудын төсвийн алдагдлын дунджаас ялимгүй доогуур буюу 2.9 хувьтай гарах төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: Монцамэ агентлаг