Энэ сард Румын улсын хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт орсноор шүүх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж шүүмжлэгдэж байсан хэдий ч тус улсын Ерөнхийлөгч Клаус Иоханнис түүнийг батламжлан гарын үсэг зурсан байна.

Европын холбооны Үндсэн хуулийн асуудлаар Вениц хороо эрх зүйт ёсонд оруулж буй нэмэлт өөрчлөлтийг авлига болон нийгэмд аюултай, зохион байгуулалттай бусад гэмт хэргийг шүүн таслах ажиллагааг сулруулж байна гэж шүүмжилжээ. Тухайлбал, шүүгч, прокурорууд 20 жил ажилласныхаа дараа цалингаасаа илүү өндөр хэмжээний тэтгэвэр тогтоолгох боломжтой болж, нийт ажиллаж байгаа хүмүүсийн гуравны нэг нь тэтгэвэртээ гарч болзошгүй байгаа гэнэ.

Тус улсын Авлигатай тэмцэх байгууллагад ажиллаж байгаа прокурорууд мэргэжлийн ажлаа 10-аас доошгүй жил гүйцэтгэсэн байх ёстой. Харин тус байгууллагад удирдах албан тушаал эрхлэх бол дор хаяж 10 жил ажилласан туршлагатай байх ёстой болох юм байна. 

Румын улсын Ерөнхий прокурор Аугустин Лазар уг асуудлыг шүүмжлэн, шаардлага хангаагүй гэх үндэслэлээр олон прокурор ажлаас чөлөөлөгдөж, шалгагдаж буй хэргүүд орхигдох аюул учраад байна гэжээ. Тус улсын авлигын эсрэг компанит ажлыг эрчимтэй явуулж буй Ерөнхий прокурор Лазарыг өөрчлөх асуудлыг Хууль зүйн сайд Тудорэл Тоадер удахгүй шийдвэрлэнэ гэж хэлжээ. Лазарын хувьд 2500 прокурортой байгууллагыг даргалдаг бөгөөд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх нэгж, авлигатай тэмцэх нэгжийг мөн удирддаг байна.

Авлигатай тэмцэх нэгжийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх нэгжийн даргын томилолтын хугацаа дууссан учраас хэрэв Лазарыг ажлаас нь чөлөөлбөл Румын улсад өрнөсөн томоохон тэмцэл дуусгавар болох ажээ.

Харин Засгийн газрын зүгээс олон хүний амьдралыг бусниулсан гэж байгаа хэдий ч энэ байгууллага өнгөрсөн 5 жилийн хугацаанд хууль тогтоогч, хотын дарга, төрийн сайд, зөвлөлийн гишүүн, төрийн өмчит компаний захирал зэрэг 5000 хүнд ял шийтгэл оногдуулсан байна. Тэдгээр хүмүүсийн дунд Социал-демократ намын тэргүүн Ливу Драниа байх бөгөөд түүнийг 3 удаа шалгаж, ерөнхий сайдаар томилогдохыг нь хориглож байжээ.



Эх сурвалж:https://www.iaac.mn/