Нийслэлийн Засаг дарга С.Батболд нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг хотын шинэ төв Яармаг руу нүүлгэнэ гэсэн амлалтыг өгөөд буй. Тэрээр энэ хүрээнд ажлын хэсэг байгуулж, судалгаа хийлгэн санал боловсруулж шат шатны байгууллагад танилцуулан дэмжлэг, шийдвэрүүдийг гаргуулж эхэлжээ. 

Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулж нэг төвтэй хотоос олон төвтэй байхаар бодлогын бичиг баримт тусгагдсаны дагуу Яармаг шинэ төвд нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборын барилгын ажлыг өнгөрсөн долоодугаар сард эхлүүлсэн аж. 

Яармаг шинэ төвийн болон Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын цогцолборын барилгын ажлын явцтай НИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр танилцлаа. 

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд “УИХ-аас 2013 онд баталсан ерөнхий төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хот хоёр төвтэй байхаар туссан. Одоогийн байгаа Бага тойруу, нөгөө нь Яармаг гэсэн төвтэй, мөн найман дэд төвтэй байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэ дэд төвүүдийн дэд бүтцийн ажлыг Баянхошуу, Сэлбэ, Сонсголон гэх мэт газруудад хийж байгаа. Яармаг төвд нийслэлийн төр захиргааны байгууллагууд байршихаар төлөвлөлт хийгдсэн. Хуульчлагдсан төлөвлөгөөний дагуу явж буй ажил. 2018 онд нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг хотын шинэ төвүүд рүү нүүлгэх ёстой гэсэн Засгийн газрын тэмдэглэл гарсан. 

Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газар, НИТХ-ын тогтоолын дагуу Улаанбаатар хотын төвлөрөлийг сааруулах, утаа, түгжрэл гэх мэт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд хийж буй ажил юм. Өнөөдрийн байдлаар барилгын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байна. Ирэх сарын 15-н гэхэд цутгалтын ажлыг дуусгаад дотоод засалдаа орно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Хотын төвд байгаа хуучин захиргааны байруудаа борлуулаад, шинэ байрнуудаа барих төсвийн тодорхой хэсгийг шийдэх юм” гэдгийг онцлон хэллээ.

Харин Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар “НИТХ-аас гарсан шийдвэрийг үндэслэж нийслэлийн Засаг дарга хотын захиргааг нүүлгэх газрын байршлыг тодорхойлох ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгээс БОАЖЯ-наас газрын санал авч, тухайн компаниудад урилга өгсөн. Урилгын дагуу ирсэн компаниудын төлөөлөлтэй хэлэлцээр хийж, хотоос санхүүжилт гаргах боломжгүй гэдгээ хэлсэн. Зарим компани бидний нөхцөлийг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Өнөөдөр барилгын ажлыг гүйцэтгэж буй “Темпланд” компани өөрсдийн эзэмшлийн газраасаа 5 га газраа үнэгүй өгч, цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэх сонирхолтой байна гэсэн санал тавьсан. Үүнийг ажлын хэсгийнхэн НИТХ болон хотын даргад танилцуулсан. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар уг асуудлыг хэлэлцээд энэ компанитай гэрээ хийж, барилгын ажлыг хий гэсэн тогтоол гаргаж чиглэл өгсөн. Барилгын ажил өнгөрсөн долоодугаар сард наадмын дараа эхэлсэн. Нийтдээ гурван блок барилга баригдана. Эхний ээлжинд А блокоо энэ ондоо багтаан дуусгахаар ажиллаж байна” гэлээ.

Шинэ яармаг бүтээн байгуулалт нэгдлийн захирал Ч.Батзориг “Үндэсний таван компани нийлж “Яармаг шинэ нэгдэл”-ийг байгуулсан. Нэгдэл туслан гүйцэтгэгч 30 гаруй компанитай. Бид түүхэн барилга гэдэг утгаараа компанийн эзэмшлийн газраас зам дагуу 5 га-г чөлөөлж, нийгмийн хариуцлагаа биелүүлэх үүднээс нийслэлийн шинэ төвийн бүтээн байгуулалтад оролцож байна” хэмээн ярилаа.

Монгол Улсын Их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн хандлага” батлагдсан. 

Уг баримт бичигт Улаанбаатар хотын хот байгуулалтын үйл ажиллагааг 35206 га талбайд төлөвлөж, хот байгуулалтын үйл ажиллагааг дэмжих нутаг дэвсгэрийг хот төлөвлөлтийн 8 бүсэд хувааж, нэг төвт хотоос олон төвт хот болон хөгжүүлэхээр тусгасан. Төлөвлөлтийн бүсүүдэд засаг захиргаа, худалдаа үйлчилгээ, соёл боловсрол, орон сууц, олон нийт, нийгмийн дэд бүтцийн үйлчилгээ бүхий “Их тойруу”/одоогийн байгаа/, Яармаг /шинэ/ гэсэн 2 төв, Баянхошуу, Сэлбэ, Шинэ хот, Сонсголон, Гурвалжин, Амгалан гэсэн 6 дэд төвтэй хот байхаар төлөвлөгдсөн юм.