"Багшийн цалинг нэмүүлэх түр хороо" төрийн албан хаагчдад нэг удаа олгох 300 мянган төгрөгийн урамшуулал олгох шийдвэрийг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн. Тэд багшийн цалинг илүү бодит үр дүнтэйгээр нэмэн олгохыг шаардаж энэ сарын 30-ны өдрөөс эхлэн хугацаагүй ажил хаяхаа албан ёсоор зарлаад буй  юм. Үүнтэй холбоотойгоор БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа "Багшийн цалинг нэмүүлэх түр хороо"-нд хамтран ажиллах тухай албан бичиг хүргүүллээ.

Тус албан бичигт "Асуудлыг ажил хаялтаар шийдвэрлэх биш, цаашид бүх талаар ойлголцон хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрэх зорилгоор хамтарсан ажын хэсэг байгуулж, багш нарын цалин болон бусад тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр Та бүхний төлөөлөлтэй биечлэн уулзаж зөвшилцсөний дагуу миний бие болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нартай хамтарсан уулзалтыг энэ сарын 30-ны өдрийн 8 цаг 30 минутад хийхээр тохиролцсон. 

Иймд Та бүхэн багш нарын энэ сарын 30-ны өдрөөс эхлэх хугацаагүй ажил хаялтыг зогсоож, үр дүнтэй хамтран ажиллахыг хүсье" гэжээ.

Харин "Багшийн цалинг нэмүүлэх түр хороо" хамтран ажиллах тухай тус албан бичгийг хүлээн авч, хугацаагүй ажил хаяхаа зогсоож буйг тус хорооны ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа цахим хуудсааараа дамжуулан мэдэгдлээ.

БСШУС-ын сайдын хүргүүлсэн Хамтран ажиллах тухай албан бичиг


"Багшийн цалинг нэмүүлэх түр хороо"-ноос ажил хаялтыг албан ёсоор зогсоов