Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өчигдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Д.Сумъяабазар 2018 он Монгол, Хятад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа урьд урьдынхаас илүү өсөлттэй, дэвшилттэй жил байсныг онцлон тэмдэглэв. Энэ жил Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиохыг дурдаад хоёр улсын хувьд томоохон бүтээн байгуулалтын жил болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Шин Хаймин хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжиж байгаагийн илрэл нь өнгөрсөн онд хоёр улсын хооронд өндөр, дээд түвшний айлчлал, уулзалтууд  харуулж байгааг хэлэв. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй хийсэн уулзалт, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлал,  БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-ийн Монгол Улсад хийсэн айлчлалуудыг тэрбээр дурдсан юм. Харин 2019 онд Монгол Улсын “Тавантолгойн төсөл”, “Хятад-Монгол-Орос 3 улсын эдийн засгийн корридор”-ын бүтээн байгуулалтын ажлыг бодитой, үр ашигтай хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр хоёр орны уул уурхайн салбарын асуудлаар, ялангуяа нүүрсний экспорт, хилийн боомт, Тавантолгой төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, боловсруулах үйлдвэрийн төслүүдэд ажил хэрэгч, үр ашигтай хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солилцлоо.



Эх сурвалж: УУХҮЯ