ЗХУ-ын хувь заяаг хэрхэн давтахгүй байх вэ?

Эдгээр өдрүүдэд БНХАУ-д улсын дээд шатны удирдлагуудыг солих Хятадын Коммунист намын (ХКН) Их хурал болж байна. Улс төрийн товчооны шинэ бүрэлдэхүүнийг бүрдүүлэхдээ ерөнхийлөгч Си Зинь Пин ЗХУ-ын алдааг давтахгүйн тулд улс орноо хамгаалж, ОХУ-ыг дэмжигч улс төрчдийг эрх мэдэлд хүргэхээр зориг шулууджээ. 

ОХУ мужийн амбан захирагчдаа олноор нь огцруулж байгаа энэ үед БНХАУ-д бүр илүү том хэмжээний халаа сэлгээ хийгдэх гэж байна. Энэ сарын 18-ны өдрөөс Коммунист намын XIX Их хурал эхэлсэн бөгөөд Улс төрийн товчооны 7 гишүүний 5 нь албан тушаалаа орхиж шинэ томилгоо хийгдэх юм. 

Удахгүй солигдох гэж буй Улс төрийн товчооны бүрэлдэхүүнийг Барууны хамтын ажиллагааг дэмжигч гэдгээрээ алдартай ерөнхийлөгч асан Ху Жинь Тао бүрдүүлж байсан.

Харин Хятадын улс төрийн шинэ элитүүд өөр чиглэл сонгож ажиллах нь тодорхой бөгөөд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр зэхэх тэргүүлэх чиглэлийн нэг нь хойд хөрш буюу ОХУ байх талаар ерөнхийлөгч Си Зинь Пин нэг бус удаа дурьдаж байсан. Си ерөнхийлөгч удирдах зөвлөлд санаа нэгтэй нөхдүүдээ гаргаж ирж чадах эсэхээс Орос-Хятадын цаашдын харилцаа ихээхэн шалтгаална. 


ЗХУ-ын алдаан дээрээс суралцах

2012 оны 12 сард буюу БНХАУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоноос 1 сарын дараа Си Зинь Пин үг хэлэхдээ ЗХУ яагаад задарсан талаар асуулт дэвшүүлсэн. 

Тэрээр өдийг хүртэл 5 жилийн туршид социалист лагерийн “Том ах”-ынхаа гашуун туршлагыг амсахгүйн тулд алдаан дээрээс нь суралцаж улс, орноо хамгаалахад чиглэсэн бодлого баримталж ирсэн. 

Түүний санаа зовниж байгаа нь зөв. Учир нь Хятадын эдийн засгийн хөгжлийн хурд саарч байгаа энэ үед нийгмийн сэтгэл ханамжгүй байдал улам хурцдах вий гэхээс тэд болгоомжилж байна. Үүнтэй зэрэгцэн Коммунист намын Төв хорооны бодлогыг эсэргүүцэгч улс төрийн шинэ элитүүд хүчээ авч байгаа. Үүсээд буй нөхцөл байдал 80-аад оны дунд үеийн ЗХУ-ын нөхцөл байдалтай маш төстэй байгаа юм. 

“Агуу Хятад үндэстний дахин сэргэлт”-ийн талаар мөрөөдөж байгаа Си ерөнхийлөгч улс орноо хагарлаас биш юмаа гэхэд гүн гүнзгий хямралаас сэргийлэхийн тулд байр сууриа бэхжүүлэн, журмын нөхдүүдээрээ хүрээлүүлэх зорилго тавьсан.

Үүний тулд нөхөр Си Улс төрийн товчооны Байнгын хороонд өөрт нь үнэнч хүмүүсийг оруулах шаардлагатай. Энэ бүхнийг гүйцэлдүүлэх таатай нөхцөл бүрдсэн байгаа ч боломж байгаа газар эрсдэл ч нуугдаж байдаг. Улс төрийн шинэ бүрэлдэхүүн “ерөнхийлөгчийн баг” болон ажиллах ёстойгоос гадна сонирхол нь зөрчилддөг Хятадын алаг цоог элитүүдийн санаанд нийцсэн байх ёстой.

“Си Зинь Пиний хувьд удирдлагын шинэ бүрэлдэхүүний томилгоонд нөлөөлж, Улс төрийн Байнгын хороонд найдвартай хамсаатан гэж боддог хүмүүсээ оруулах нь маш чухал” хэмээн Алс Дорнодын судалгааны хүрээлэнгийн мэргэжилтэн Александр Ломанов бодож байна.


Коммунист залуучуудын эвлэл “ҮГҮЙ!” гэж хэлсэн

Хятад улс бүхэлдээ харилцан буулт хийх харилцаан дээр боссон гэгддэг. Гэхдээ сүүлийн 20 жилийн турш элитүүдийн зөвшилцөл БНХАУ-ын улс төрийн тогтвортой байдлыг хангаж байсан бол Их хурлын өмнө хурцадмал нөхцөл байдал үүсчээ. 

Зэвсэгт хүчин, коммунист залуучуудын эвлэл болон улс төрийн бусад бүлгүүдийн зөвшилцөл Си даргын эрх мэдлийг төвлөрүүлэх гэсэн зорилготой зөрчилдөж байна. Хятадын лидер зорилгодоо хүрэхийн тулд нэг бол шанхайчууд болон комсомолуудыг үндсээр нь устгах нэг бол эрх мэдлийг нь төвлөрүүлэх шаардлагатай. 

Гэхдээ Хятад улсад сөрөг хүчингүй, нэг талт Улс төрийн товчоог байгуулах боломжгүй юм. Тогтолцоо тэр чигтээ нурах өндөр эрсдэлтэй. Си Зинь Пин ямар ч байсан өрсөлдөгчдөө сэтгэл хангалуун байлгах арга зам олохыг хичээх болно. 

Байнгын хорооны гишүүдийн тоо болон бүрэлдэхүүн Хятад улс дахь улс төрийн байдал цаашид хэрхэн хөгжихийг харуулах юм. Зарим шинжээчдийн таамаглаж буйгаар Байнгын хорооны бүрэлдэхүүн 3-5 хүнтэй болон цөөрч харгис, радикал дэглэм тогтох байх, эсвэл хорооны гишүүдийн тоо хэвээр үлдэж эсвэл бүр 9 ба түүнээс олон болж түр зүүрийн зөвшилцөлд хүрэх магадлалтай.

“Байнгын хорооны гишүүдийн тоог нэмэх асуудал Хятадад байнга яригддаг. Хятадууд 9, 12 эсвэл 15 гэсэн гурван тоог ихэвчлэн нэрлэдэг” хэмээн Алексей Маслов бидэнтэй хуваалцсан юм.

Улс орныг удирдах дээд шатны зөвлөлийн бүрэлдэхүүнд комсомолын гишүүн Ху Чунь Хуа гэгч багтах нь гарцаагүй. Түүнийг Си даргын залгамжлагч болно хэмээн ХКН-ы ерөнхий нарийн бичгийн дарга асан Ху Жинь Тао найдаж байгаа. Гэхдээ ерөнхийлөгч Си комсомолчуудыг хэтэрхий их дөвийлгөхийг зөвшөөрөхгүй болов уу. Тэр юуны түрүүнд өөрийн хамсаатнуудаа дэмжих байх.

ХКН-ын Их хурал тайван өнгөрч магадгүй ч гэсэн Улс төрийн товчооны шинэ бүрэлдэхүүн тодорсны дараа гишүүд нь улс төрийн элитүүдийн сэтгэлд нийцээгүй бол асуудал үүснэ. Их хурлын дараа тэмцэл улам хурцдаж, дараагийн хэдэн жилийн турш шинэ гишүүдийг залхаан цээрлүүлэх арга хэмжээг авч эхэлнэ.

Зөвшилцөх замаар удирдах арга барил гадаад, дотоод олон асуудлаас болж ажиллахаа больсон тул Хятадад улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж байна.


Си-д саад болж байгаа Ли

БНХАУ-ын ерөнхий сайд, эрх мэдлээрээ улсдаа 2 дугаарт орох эрхэм Ли Кэцян Их хурлын дараа огцорно гэсэн яриа хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархаад байна. Хэрэв энэ үнэн бол ХКН-ын улс төрийн уламжлалыг эвдсэн хэрэг болох бөгөөд эрх мэдлийн шилжилт хийгдэх гэж буйг илтгэж байгаа юм. 

https://img.gazeta.ru/files3/130/10942130/upload-001-pic4_zoom-1500x1500-97791.jpg


Чэнь Миньэр Сунь Чжэнцай

Ли Кэцян бол Си даргын бүлгийн сөрөг хүчин болох комсомолын улс төрийн бүлэглэлийн гол төлөөлөгч юм.Хятадын улс төр дахь Ли Кэцяны нөлөө Си Зинь Пин ерөнхийлөгчийн амьдралыг ихээхэн хүндрүүлдэг. Ли Кэцян ямар ч байсан Байнгын хороондоо үлдэж, Хятадын парламентийн удирдагчийн суудалд сууж магадгүй. 

Гэхдээ нөгөөтэйгүүр, зарим мэргэжилтнүүдийн үзэж буйгаар улс төрийн уламжлалыг эвдэх хэмжээнд нөхцөл байдал арай хүрээгүй байна. Элитүүдийн хоорондох хурцадмал байдал даамжрах эрсдэл их байгаа тул Ли Кэцян ерөнхий сайдын албан тушаалаа хадгалж үлдэх байх. 

“Үнэндээ Си Зинь Пин дарга маш уян хатан, хэдэн алхмын цаана сэтгэж чаддаг алсын хараатай улс төрч. Ли сайдыг огцруулах нь түүний улс төрийн тоглогчийн стильд нийцэхгүй” гэж Ломанов бодож байна. 

Одоогийн ерөнхий сайд хоёр дугаар байрлалаас гурав руу шилжинэ гэсэн таамаглал батлагдаж магадгүй. Улс орон, намыг удирдах талбарт хоёр дугаарт бичигдэх суудлыг Ли сайдын оронд хэн эзлэх вэ гэдэг бол Их хурлын хамгийн том асуулт. 


Сахилга бат сахиулагч огцрох ёстой

Ли Кэцяныг огцорч магадгүй гэсэн сургийн хажуугаар анх Тайваний мэдээллийн хэрэгслээр цацагдаж одоо Хятадад шуугиулаад байгаа мэдээлэл бол ерөнхий сайдаар ХКН-ын Сахилга батын төв комиссын дарга Ван Цишань томилогдоно гэсэн цуу яриа юм. Энэ байгууллага сүүлийн 5 жилд Мао Зэдуны үеэс хойш хийгдээгүй том хэмжээний намын цэвэрлэгээг хийсэн. 

Намын хэв журам сахиулагч Ван Цишаньд дээд шатны удирдлагын гишүүн бүрээр авлигын эсрэг хэргийг нээж чадах хэмжээний их мэдээлэл байгаа. Гэхдээ хамгийн гол нь Ван Цишань Си Зинь Пиний хамгийн чухал бөгөөд үнэнч хамсаатан нь юм. 

https://img.gazeta.ru/files3/136/10942136/upload-002-pic4_zoom-1500x1500-39145.jpg


Ван ЦишаньЧжао Лэзци

Ван дарга бол Ли Кэцяныг орлож чадах цор ганц хүн. Гэсэн ч, Ван Цишан өндөр настай болсон тул улс төрийн уламжлалын дагуу удахгүй огцрох ёстой. Улс төрийн товчоонд түүнд суудал олдохгүй л болов уу. 

Хэрэв Ван Цишань Улс төрийн товчооны шинэ бүрэлдэхүүнд багтаж, бүр ерөнхий сайдын суудалд суувал Сахилга батын төв комисс намын хяналтаас гарна гэсэн үг юм. Хязгааргүй боломж, бололцоотой тусгай хүчнийг Коммунист намд орохыг Си Зинь Пинд үнэнч улс төрчид хүртэл хүлээн зөвшөөрөхгүй. 

Хятадын лидер өөрөө ч үүнийг хүсэхгүй байх. Хэрэв дээрх таамаглал бодитоор биелбэл Их хурлын дараахан буюу ойрын хугацаанд эрх мэдлийн төлөө нээлттэй тэмцэл эхэлнэ. БНХАУ тэр тэмцлийг давж гарах эсэх нь эргэлзээтэй.


Эх сурвалж: Газета Ру