“Жи Пи Эф" ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшигч “Амин билигт” ХХК-с 2018 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт орших Салхитын мөнгөний ордын талбайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатараар ахлуулсан тагнуул, цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүн тусгай ажиллагаа явуулж компанийн үйл ажиллагаа, өмч хөрөнгөд халдсан үйлдэлтэй холбогдуулан энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Дундговь аймгийн Гурвансайхан сумын Салхит нэртэй ашиглалтын МV-210335,  МV-210336 дугаартай тусгай зөвшөөрөл, ашигт малтмалын хайгуулын XV-021032,  ХV-021033, ХV-021034 дугаартай тусгай зөвшөөрөл, тус уурхайн талбайд байрлах боловсруулах үйлдвэр, уурхайн эцсийн өмчлөгч, эзэмшигч нь “Жи Пи Эф” ХХК-ийн түүний 100 хувийн хувьцаа эзэмшигн “Аминбилигт” ХХК юм.

2010 онд иргэн Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нарын үүсгэн байгуулсан “Жи Пи Эф” ХХК нь Салхитын мөнгөний ордын 7991X, 12772Х, 12773Х тоот хайгуулын гурван лицензийг “Их Монгол майнинг” ХХК-иас зохих журмын дагуу шилжүүлэн авсан байдаг. 2012 онд “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааг худалдан авсан гэх БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Си Си Эм Икс” ХХК-ийн удирдлагууд худалдах, худалдан авах гэрээнд иргэн Ш.Мөнгөншагайн гарын үсгийг хууль бусаар дууриалган үйлдсэн байна гэх маргаан үүсч олон жил дамнасан шүүхийн маргаан болсон.

Ингээд эцсийн байдлаар 2017 онд шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтэд үндэслэн Монгол Улсын Дээд Шүүхээс Ш.Мөнгөншагайн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн болохыг эцэслэн тогтоосон учраас тусгай зөвшөөрлүүдийг эзэмшигч “Жи Пи Эф” ХХК-н хувьцаа эзэмшигчээр Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нар тогтоогдсон байдаг. Улмаар “Жи Пи Эф” ХХК-ийн 100 хувийн хувьцааг Монгол Улсын иргэд болох Ш.Мөнгөншагай болон Г.Жаргалан нараас манай компани худалдан авсан. 

Энэ үеэс БНХАУ-н иргэн Жин Жиан Мин, “Си Си Эм Икс” ХХК, иргэн Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нар нь 'Жи Пи Эф” ХХК болон уг орд, түүний бүх хөрөнгөтэй огт хамааралгүй болсон. Гэтэл ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нь өөрийн ажлын үндсэн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар Тагнуулын байгууллага болон дотоодын цэргийн албан хаагчдыг дайчлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын тушаалын дагуу мэдэгдлийг гардуулах нэрээр уурхайн бүхий л эд хөрөнгийг дотоодын цэргийн хамгаалалтад аваад байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын тушаал нь илт нэг талыг барьсан, бодит байдалд бус албан тушаалтны хууль бус чиглэлд үндэслэсэн, ЗГХЭГ-ын даргын хэлснээр “Ерөнхий сайдын шууд чиглэлийг биелүүлж” хийгдсэн, Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.10 дах заалт буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан заалтыг 2015 оны үйлдэлд хамааруулан буцаан хэрэглэсэн, шийдвэр гаргахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид огт мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох ажиллагаа хийгээгүй илт хууль бус үндэслэлгүй шийдвэр болсон. Тийм учраас манай компанийн зүгээс цаашид Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль тогтоомжоор олгогдсон эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандахаа мэдэгдэж байна. 

Мөн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг дутуу мэдээлэлд үндэслэн хууль бус ажиллагаа явуулсан асуудлаа эргэн харж нягтлан алдаагаа залруулж, уул уурхайн салбарт хөрөнгө оруулан ажиллаж буй хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах үүргээ биелүүлэхийг уриалж байна. 

Уг асуудал шүүхээр үнэн зөв нь тогтоогдох хүртэл дутуу өрөөсгөл мэдээлэлд тулгуурласан, гүтгэлгийн чанартай, нэг талыг барьсан мэдээлэл түгээхгүй байхыг Хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэдэд уриалж байна.

 

"АМИН БИЛИГТ" ХХК