НИТХ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, С.Амарсайханыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томиллоо.

Түүнтэй НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун өрсөлдсөн бөгөөд санал өгсөн НИТХ-ын 44 төлөөлөгчийн 25 нь буюу 56.8 хувь нь С.Амарсайханыг дэмжлээ.

Саналын дүнгийн дараа С.Амарсайхан "Албан ёсоор батламжлагдсаны дараа байр сууриа илэрхийлье. Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг бид бүгдээрээ сайн мэднэ. Ажлыг холоос хайх хэрэггүй. Хамгийн түрүүнд хөрс, агаарын бохирдол, дээрээс нь иргэд оршин суугчдын аюулгүй байдлыг хангаж ажиллахад анхаарна. Түүний хүрээнд Улаанбаатар хотын бодлого төлөвлөлт, ирээдүйн хөгжил дэвшилтэй холбоотой НИТХ-аас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллах ёстой. Иргэдийн өдөр тутмын ажил, амьдралтай холбоотой эдийн засаг, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэнэ. 

Өөрөөр хэлбэл иргэдийн өдөр тутмын ажил, амьдралтай холбоотой олон асуудлыг шийдвэрлэх бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, богино хугацаанд үр дүн гаргахад анхаарч ажиллана" хэмээлээ.