Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Бичлэг үзэх: 

С.Амарсайхан: Улаанбаатарт өчнөөн олон хөтөлбөр хэрэгжиж ирсэн. Харамсалтай нь бодлого шийдэлтэй, нэгдмэл ойлголтгүйгээр явж ирлээ. Ажил нь ямар ч уялдаа холбоогүй, хариуцлагагүй хандлагатайгаар авлига цэцэглэж ирсэн нь нууц биш.

Цаашилбал бусад хүмүүст ажил, амиа даатгаснаас хот хот биш болсон байна. Ёс зүй, хариуцлага алдагдсан, асуудал хуулийн хүрээнд бус хувь хүний сонирхлоор хийж ирсэн тул эдгээрийг цэгцэнд нь оруулж байна.


НИЙСЛЭЛД ТЕНДЕРИЙН НАЙМАА ЦЭЦЭГЛЭСЭН...

Тухайлбал тендерийн цавчааг цэцэглүүлсэн. Туслахууд нь хүртэл үүнийг нь хийдэг, хувь авдаг арга барилаар явж ирсэн. Үүнийг эсэргүүцэж бүх тендерийг шилэн болгохоор шийдсэн. Сургууль, цэцэрлэгийн барилгын ажилд олон жил туслах нь зуучлагч болсон аж ахуйн нэгжүүдийг дуудаж ирж дарамталдаг. 

Таван жилийн өмнө эхэлсэн тусгай замын автобусны 270 сая америк долларын төсөл зогссон. Тендер зарлахаар дарга нар өөрсдийн компанийг оруулах гэж зүтгэдэг. Ингээд ямар ч үр дүнгүй 3 сая америк долларыг нь зарцуулчихсан байна.

Дарга нар нь зөвлөх нэрээр өөрсдийн хүнээ гаднаас томилдог. Одоо гэхэд томоохон төслүүдийн 270 сая доллараас 3 сая долларыг нь үрчихсэн. Дандаа тавилга, дэмий зардал. 45 мянган төгрөгийн үнэтэй тэмдгийг 115 мянга болгон өсгөж авсан гээд маш олон зөрчил бий.

Шүд эрүү нүүрний төвийг 4.8 тэрбум төгрөгөөр худалдан авсан. 1000 метр квадрат газрыг ийм үнийн дүнгээр гаднаа зогсоол ч үгүй газар авснаас 3000 метр квадрат байрыг авсан нь дээр гэж би НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга байхдаа буцааж байсан ч худалдан авсан. Үлдэгдэл мөнгийг нь өгөхгүй гэдгийг би хотын дарга болсноосоо хойш хэлсэн.  Энэ мэтээр эдгээр хүмүүс хийсэн ажлаа хамгаалж элдэв гүтгэлэг тарааж байна. 


ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИД ГАРСАН ОСОЛ ЧАНАРГҮЙ ЗАСВАР ХИЙСЭНТЭЙ ХОЛБООТОЙ

Төв цэвэрлэх байгууламжид  үйлдвэрлэлийн осол гарч дөрвөн сайхан залуу амиа алдсан. 2016-2017 онд яг осол болсон газарт 8.1 тэрбум төгрөгөөр засвар хийсэн. Гэтэл чанаргүй хийснээс болж энэ удаагийн осол гарсан. Үүнийг нуун дарагдуулахын тулд сандарч бүх талын зохион байгуулалттай ажил хийж байна.

Өөрсдийн хүнсний ногоогоо аюулгүй хэрэглэмээр байна. Яг үнэндээ монгол төмс нь намартаа үнэ нь буучихдаг, хадгалах газаргүй болоод муудчихдаг. Энэ асуудлыг цэгцэлмээр байна. 


ХЯТАДУУДАД 50 ГА ГАЗАР ОЛГОХ АЖИЛ ШИЙДЭГДЭЭГҮЙ, ШИЙДЭГДЭХ Ч ҮГҮЙ

50 га газрын тухайд Улаанбаатар Тианжин хотын захиргаатай хүнсний ногоо тариалах, хүлэмж байгуулах судалгаа, тооцоо хийх шаардлагатай байгаа албан бичгийг 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн. Нийслэлийн Засаг дарга миний бие ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд судалгааны талаар албан бичиг илгээсэн. Энд ямар нэг газар олгоогүй, харин тариаланчдад хэрхэн хүлэмж байгуулах талаар судалгааг хийх талаарх яриа байсныг гүтгэсэн. 

Иргэдэд хандаж хэлэхэд энэ бол судалгааны ажлын ерөнхий төлөвлөгөөний нэг хэсэг. Энэ газар олгох ажил шийдэгдээгүй, шийдэгдэх ч үгүй. Гэвч үүнийг зориудаар гуйвуулж байна. Ийм мэдээлэл гарах болсон нь Х.Мөнхчулууны ашиг сонирхолтой холбоотой. Үүнийг нь мэдэх хүмүүс бий. Х.Мөнхчулуун өөрийнхөө хадам эхийн нэр дээрх ААН-д нийслэлийн өмчит байрыг хувьчилж өгөхөөр оруулж ирсэн байдаг. Миний бие НИТХ-ын даргаар ажиллаж байхдаа энэ асуудлыг 2-3 удаа буцаасан. Цаана нь өөрийнх нь ажил амьдралтай олон асуудал байгаа юм билээ.

Би бизнес хийж байсан нь үнэн. Гэхдээ хууль зөрчиж худлаа хэлээгүй. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн. Аль нэг төрийн үед тендер хийж авч үзээгүй. Харин би ажил хийх гэсэн юм. Гэтэл энэ мэт хууль бус үйлдлүүдийг нь илрүүлж, цааш нь шалгах гэхээр асуудлыг ил гаргахгүй байхын тулд наашаа чиглэсэн бүх төрлийн арга хэмжээг авч байна. Аалзны тор шиг 20 жил хотыг хэрсэн сүлжээ задрах гээд байгаа   нь үнэн. Тийм учраас янз бүрээр дайралт хийж байгаа. Тиймээс хийсэн ажлынхаа талаар долоо хоног бүр өөрийн биеэр мэдээлэл хийж байна. Хотын даргын явуулын оффис ажиллуулна. Мөн иргэдээс мэдээлэл авах утас ажиллуулах болно" гэлээ.