НИТХ-ын XI хуралдаан товлосон хугацаанаасаа хоёр цаг гаруй хоцорч эхэлсэн юм. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан болох танхимын үүдэнд Баянгол дүүргийн гар дээрээс худалдаа эрхлэгчид ирсэн байв. Тэд НИТХ-ын төлөөлөгчид рүү “Ард түмний дунд ор, 60 тэрбумынхаан та нарын тарьсан хэрэг” гэхчлэн хашгирч эсэргүүцлээ илэрхийлж байв.  Хурлын өмнө НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдсан юм. 

Энэ удаагийн хурлаар НИТХ-ын даргаа тодруулах ёстой билээ. Даргад заалнаас Д.Баярсайхан, С.Амарсайхан нар нэр дэвшиж байгаа юм. Өнгөрсөн хуралдаанаар дээрх хоёр нэр дэвшигчийн санал тэнцсэн тул тав хоногийн завсарлага авсан. Энэ удаагийн нийслэлийн МАН-ын бүлэг хуралдан дахин долоо хоногийн завсарлага авахаар боллоо. НИТХ-ын гишүүдийн хэлж буйгаар МАН дотроо санал нэгдэж чадаагүй гэсэн яриа байна.

Нэгжийн тухай хуулинд хоёр нэр дэвшигч санал тэнцүү авсан тохиолдолд дахин санал хураана гэж заасан байдаг бол Дээд шүүхийн тайлбараар хоёр нэр дэвшигч олонхийн санал авч чадаагүй тохиолдолд дахин нэр дэвшигчийг тодруулна гэж заасан байдаг ажээ. Энэ үеэр НИТХ-ын даргад нэр дэвшигч Д.Баярсайханаас уг асуудлаар тодруулга авсан юм.

-Нийслэлийн МАН-ын бүлгийн хурлаар юу ярьсан бэ?

-НИТХ-ын дарга сонгохтой холбоотойгоор хуулийн заалтын буруу зөрүү дээр нэлээн маргалдлаа. Ер нь нийслэлийн МАН-ын бүлгийн хурлыг дүрэм журмынх нь дагуу явуулж чадахгүй байгаагаас өнөөдрийн хурал завсарлага авч байна. Нийслэлийн МАН-ын бүлгийн хурал биш гэр бүлийн эсвэл хувийн компанийн хурал шиг болчихож. Өнгөрсөн хугацаанд яг энэ арга барилаар нийслэлд өмч шигээ хандаж ирсэн. Хэн нэг нь дуртай шийдвэрээ гаргадаг. Өөрт нь ашигтай бол нийслэлийн ажлыг урагшлуулдаг, ашиггүй бол ухраадаг. Энэ бүх үйлдэл ил тод болж байна.

-Танд ямар нэгэн дарамт шахалт ирсэн үү?

-Манай бүлгийн зүгээс намайг хууль зөрчиж нэрээ тат гэж шахсан тал бий.

-Та нэрээ татах уу?

-Би заалнаас нэр дэвшсэн, эцсийн шийдвэр хуулийн хүрээнд л гарах ёстой. Тийм учраас нэрээ татна гэсэн асуудал байхгүй. Хуулиас гадуур ямар нэгэн эрх ашиг сонирхол, буруу зөрүү тайлбар ч байх учиргүй. 

-Шинээр нэр дэвшигч тодруулна гэсэн яриа байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Шинэ дэвшигч оруулах тухай яриа байхгүй. Ирэх хурлаар дахиад санал хураана.