Ухаалаг гар утас үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тэргүүлэгч Өмнөд Солонгосын “Самсунг Электроникс” компани оюутнуудад зориулан 3G, 4G болон WiFi сүлжээнд холбогдох боломжгүй, хямд үнэтэй ухаалаг гар утас гаргажээ. Энэ тухай тус улсын “Ёнхап” агентлаг мэдээллээ.

“Самсунг Электроникс” компани өчигдөр энэ шинэ ухаалаг гар утсаа танилцуулахдаа “Бид оюутнуудыг интернет ертөнцөөс холдож, хичээл номондоо илүү анхаараасай гэсэн үүднээс интернэтэд холбогддоггүй “Galaxy J2 Pro” гар утсыг гаргалаа. Манай энэ шинэ бүтээгдэхүүн оюутнууд төдийгүй ахимаг насны хүмүүсийн дунд эрэлттэй байна гэдэгт найдаж байна” гэж мэдэгджээ.

Тус компанийн мэдэгдсэнээр, “Galaxy J2 Pro”  ухаалаг гар утас нь интернетэд холбогдохгүйгээр хэрэгтэй үгсээ хайхад нь оюутнуудад туслах толь бичгийн аппликейшнтай гэнэ.

1 ГБ РАМ-тай, 16 ГБ багтаамжтай энэ гар утасны арын камер нь 8 мегапиксель бол нүүрний камер нь 5 мегапиксель аж. Хар болон алтлаг өнгөний сонголттой уг гар утас нь 199100 вон буюу 185 ам.долларын үнэтэй гэнэ.

“Galaxy J2 Pro”  гар утсыг худалдан авсан оюутнууд шалгалтынхаа дараа Galaxy S, Galaxy A загварын гар утаснуудаас худалдан авбал “Galaxy J2 Pro” –г худалдан авсан 199100 воноо бүрэн буцаан авах боломжтой ажээ.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг