Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд  хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталлаа

Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь 2018 онд даатгуулагчдад олгох эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 29,1 тэрбум, элэгний В, С вирусын эсрэг эмийн үнийн хөнгөлөлтөд 18,4 тэрбум, нийт 47,5 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн юм. Мөн нийт 861 эмийн сантай “Эмийн үнийн хөнгөлөлтийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ”-г байгуулж эмийн үнийн хөнгөлөлтийн төсвийг 2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

Шинэчилсэн жагсаалтаар 173 ерөнхий нэршлийн 650 гаруй худалдааны нэрийн эмэнд 20-80 хувийн, хүүхдийн зайлшгүй шаардлагатай 61 ерөнхий нэршлийн 170 гаруй эмэнд 50-80 хувийн хөнгөлөлтийг үзүүлнэ.

Шинэчилсэн жагсаалтыг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн мөрдөх бөгөөд 7 сарын 15 хүртэл хуучин жагсаалтыг мөрдөх юм.

Жагсаалт батлагдсанаар эмчийн бичсэн жороор хүндрэл, чирэгдэлгүйгээр эмийн үнийн хөнгөлөлт авахад тодорхой ахиц гарна.

Мөн даатгуулагчийн хувьд сарын эхэнд эмийн сангийн төсөв дуусна гэж санаа зоволтгүйгээр харъяалагдах өрхийн эмнэлэг, эмчтэйгээ цаг тохирч, жороо холбогдох журмын дагуу бичүүлж, өөрт ойролцоо эмийн сангаас харъяалал харгалзахгүйгээр хөнгөлөлттэй үнээр эмээ авах боломж бүрдэх юм.