Их Британид оршин суудаг Европын Холбооны орнуудын чинээлэг иргэд "Brexit"-ийн өмнө тус улсыг орхиж эхэлсэн тухай "Bloomberg" агентлаг мэдээлжээ.

"Bloomberg"-ийн сэтгүүлч Их Британиас Европт шилжин суурьшихад тусламж үзүүлэхэд мэргэшсэн агентлагийн эзэн Энтони Уорд Томастай ярилцсан байна. Түүний хэлснээр, 2018 онд компанийн үйлчилгээг 300 орчим хүн авсан нь жилийн өмнөхтэй харьцуулахад 82 хувиар өссөн үзүүлэлт юм.

Томасын үйлчлүүлэгчдийн дийлэнх нь таван саяас дээш фунт стерлингийн хөрөнгөтэй чинээлэг европчууд бөгөөд тэдний зарим нь бизнесээ орхисон хүмүүс гэнэ. Чинээлэг европчуудын шилжин суурьшиж байгаа гол газрууд нь Францын өмнөд нутаг болон Испанийн Майорк арал аж.

Саятнууд ийнхүү шилжин суурьших болсны гол шалтгааныг Томас "Brexit"-тэй холбохгүй байна. Түүний хэлснээр, тэд Их Британийн эдийн засгийн ерөнхий байдалд илүү их түгшиж байгаа аж.

Их Британийн парламент Brexit-ийн гэрээг батлаагүйтэй холбоотойгоор шилжин суурьшигчдын урсгал цаашид нэмэгдэж магадгүй гэж Томас үзэж байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/Bloomberg/