Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын 2017 оны тайлангийн хурал өчигдөр боллоо. Хурлын эхэнд НЗДТГ-ын хэлтсийн дарга нар хэлтсийнхээ 2017 оны үйл ажиллагааны тайлан болон 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа агуулгыг танилцуулсан юм. 

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  “2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдэж, УИХ-д өргөн барьсан. Энэ намрын чуулганаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулахаар ажиллаж байна. 

Энэ хууль батлагдсанаар бидний дэвшүүлсэн зорилтууд бүрэн биелэх боломж бүрдэх юм. 2017 онд бид бүхэн олон үр дүнтэй ажлыг хийж хэрэгжүүлсэн. Ирэх онд ч амжилттай үргэлжлүүлж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх болно. 

Төрийн захиргаа, төрийн албаны шинэтгэлийн цаашдын хувь заяа нь төрийн захиргааны бүх шатны байгууллагын удирдах ажилтны манлайлан удирдах ур чадвар, мэргэшсэн төрийн албан хаагчдын мэдлэг чадвараас ихээхэн шалтгаална. 

Иймд төрийн албан хаагч та бүхэн мэдлэг чадвараа дээшлүүлэх, хэлний мэдлэгээ сайжруулах, өөрсдийгөө боловсруулж, ажлын туршлага хуримтлуулахад анхаарч ажиллах шаардлагатай. Ажилдаа чин сэтгэлээр хандаж, санаачилгатай сайн ажиллаж чадвал Хотын даргын зүгээс та бүхнийг дэмжиж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талд онцлон анхаарч ажиллах болно” хэмээлээ.

Тайлангийн хурлын үеэр олон жилийн турш хамт олноо манлайлан, залуу үеийнхэндээ үлгэр дууриал болон ажиллаж буй НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Ж.Эрдэнэчимэг, НЗДТГ-ын Бичиг хэргийн ажилтан Д.Эрдэнэчимэг нарыг "Төрийн албаны тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнав. Түүнчлэн 2017 оны шилдэг албан хаагчдыг тодруулж, шагнал гардуулсан юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.