Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарын хориог сунгах эсэхийг шийдэх хурал өнөөдөр боллоо. Шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогт, "Эрдэнэс Монгол"-ын Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханыг 15 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа.

Харин Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсанг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавилаа.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР:

Нийслэлийн прокурорын газраас Б.Ариунсангийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах саналуудыг өнөөдөр буюу 2018.05.01-ний өдөр ирүүлсэнийг хүлээн авч: 

90/1-дугаартай шүүгчийн захирамжаар С.Баярцогтод өмнө авсан 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 15 хоног хүртэл хугацаагаар сунгаж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ,    

91/1-дугаартай шүүгчийн захирамжаар Б.Ариунсанд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт хийх таслан сэргийлэх арга хэмжээ, 

92/1-дугаартай шүүгчийн захирамжаар Б.Бямбасайханд өмнө авсан 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 15 хоногийн хугацаагаар сунгасан болно.



Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар