УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Өмнө нь хэрэгжүүлж байсан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хууль алдагдалтай байдлаар хэрэгжиж ирсэн байдаг. Гол нь нийгмийн даатгалын сангийн алдагдлыг огцом нэмэгдүүлэхгүй байх, алдагдлыг аажмаар бууруулахад анхаарах зайлшгүй шаардлага тулгарч байна. Түүнчлэн цаашид малчдыг нийгмийн даатгалын шимтгэлд бүрэн хамруулах шаардлагатай байгаа. Одоогоор 300-гаад мянган малчдын дөнгөж 20 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, үлдсэн 80 хувь нь нийгмийн хамгааллын бодлогын гадна үлдэхэд хүрээд байна. 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд зааснаар мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олж байгаа иргэнийг малчин гэж нэрлэж байгаа. Туслах малчин нь малчин гэдэгт хамаарна. Харин тэтгэврийн насны тухайд өндөр насны тэтгэвэрт гарах насыг тодорхой хугацаагаар нэмсэн ч гэлээ иргэн өөрөө хүсвэл эмэгтэй 55, эрэгтэй 60 настайдаа тэтгэвэр тогтоолгох эрх нээлттэй, хуулийн ийм зохицуулалт хэрэгжиж байгаа" гэдгийг онцлон хэллээ.