Дуучин, жүжигчин Селена Гомесын ээж, менежер асан Мэнди Тиифи охин нь Жастин Бибертэй дахин хайр сэтгэлийн холбоотой болсонд дургүй байгаагаа Gossip Cop-д ярьжээ. Gossip Cop одуудын хов живний мөрөөр хөөж, үнэнийг олдгоороо алдартай сайт. Тэд Тиифиг олж уулзан охиных нь талаар асуусан байна. 

“Селена өөрийнхөө амьдралаар, хүссэнээрээ л амьдарч байна. Аз жаргалтай, аюулгүй, бас эрүүл л байвал боллоо” хэмээн Тиифи хариулжээ. Мөн тэрбээр Бибертэй холбоо бариагүй их олон жил болсноо хэлээд “Охин минь 25 настай, эрүүл мэнд нь ямар эрсдэлд байгааг ч сайн мэднэ. Би түүний замыг өөрийнхөөрөө шийддэггүй” гэв. Гомес болон түүний ээж бие биенийхээ инстаграмыг өнгөрсөн сараас хойш дагахаа больсон. Тухайн үед ээж, охин хоёр огт харилцахгүй байгаа тухай мэдээнүүд ар араасаа гарсан билээ. Харин People сэтгүүлээс ээж, охин хоёр ийнхүү муу харилцаатай болсон нь ганц Биберээс болоогүйг хэлсэн юм. 

Бибер, Гомес хоёр өнгөрсөн аравдугаар сард эргэн холбоо тогтоосон. Түүний өмнөхөн The Weeknd дуучнаас салснаа мэдэгдсэн. Тэд 2011-2015 оны хугацаанд хэд хэдэн удаа салж, нийлсэн ажээ. Хамгийн сүүлд болсон явдлын талаар Гомес Billboard-д өгсөн ярилцлагадаа “Би 25 настай. Би 18, 19, 20 настай биш. Миний амьдралд чухал нөлөө үзүүлсэн хүмүүсийг би хайрладаг. Тиймээс өмнө нь ямар нэг зүйл болохгүй байна л гэж бодогддог байсан байх. Тэглээ гээд хэн нэгэнд санаа тавихаа больчихдог юм биш” гэсэн билээ.