АНУ-ын Конгрессын дээд танхим бямба гарагт төсөв батлах асуудлаар тодорхой шийдвэрт хүрч чадаагүй байна. Сенатын гишүүд даваа гарагт хуралдах бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэхгүйгээр хэд хэдэн яам, байгууллагын ажил зогссон хэвээр байх юм. 

“Сенатын гишүүд дараагийн протоколын хуралдааныг даваа гарагт хийнэ. Гол ээлжит хуралдаан 12 дугаар сарын 27-нд болно” гэж Сенатын танхим дахь Бүгд Найрамдах намын бүлгийн дарга Митч Макконнелл бямба гарагт болсон хурлын үеэр мэдэгджээ. Гишүүд шаардлагатай тохиролцоонд хүрснийхээ дараа асуудлыг эргэн хэлэлцэхэд бэлэн байх болно гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна. Reuters агентлагийн мэдээлснээр, хэрэв асуудлыг шийдэх гарц олдвол сенатчдыг ямар ч үед санал хураалтад цуглуулахад бэлэн байна гэж Макконнелл дараа нь мэдэгджээ.

Бүгд Найрамдахчууд Сенатын танхимд олонхын суудал эзэлж байгаа боловч түр төсвийг батлах 100 саналаас зайлшгүй авах ёстой 60 саналыг цуглуулахад суудлын тоо хангалтгүй байгаа юм. Уг баримт бичгийн хүрээнд Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад 5 тэрбум ам.доллар төсөвлөх АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шаардлага гол саад бэрхшээл болж байгаа юм.

Орон нутгийн цагаар бямба гарагт шилжих шөнө Засгийн газрыг санхүүжүүлдэг долоон хуулийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, RIA Novosti