Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:

"Нийгэмд олон асуудал байна. Хэрэглээний барааны үнийн өсөлт гаарчихлаа. Хүчирхийлэл дэндчихлээ. Гэтэл ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хүний эрх гэхээр С.Зориг агсны хэрэгт холбоотой 5 хүний л асуудлыг ярьдаг, эсвэл Төв аймгийн Мөрдөнгийн пудволны талаар ярьдаг. Гэтэл монголчуудын маань амьд явах, аюулгүй амьдрах эрх асар ихээр зөрчигдөж байна. С.Зориг агсны хэргээр 3 шатны шүүхээр ял шийтгэл авчихсөн нөхөд байтугай эх орноо хамгаалах гэж тангараг өргөн очоод хөлгүй болчихсон залуус байна. Хэн тэднийг энэрч хайрлан, эмнэлэг гэж гүйсэн юм бэ, Яагаад Батлан хамгаалах, ХЗДХ-ийн сайд нь энэ тал дээр санаа тавьдаггүй юм бэ. Энэ бол нэг л жишээ. Заамарын алтны уурхайд 4 иргэн, Төв цэвэрлэх байгууламжид 3 хүн нас барчихлаа. Гэтэл ч хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Зарим газар олон хүүхэд алга болж байна. Олдсон эсэх нь тодорхойгүй хэвээрээ. Бас л хариуцлага хүлээх хүнгүй...

Шударга зүйл ярихаар АН шоудлаа гэдэг. Сая гэхэд АН-ын дэд дарга Г.Батхүү нас барлаа. Хэргийг дэлгэж ярьсны төлөө биднийг шоудлаа гэж байх юм. Үнэндээ бид үүнийг анхнаасаа хэлж шаардлага тавиагүй бол түүний үхлийн шалтгаан юу гэж гарах байсныг хэлэхэд бэрх. Эхнээсээ үхлийн шалтгааныг төөрүүлэх гэж янз бүрийн мэдээлэл цацлаа. Үүний ард ямар нэгэн явуулга бий гэж би хардаж байгаа. 

Хэнтийн тойргийн нөхөн сонгууль шударга болно гэдэгт эргэлзэж байна. Юутай ч бид энэ тойргийг төлөөлөлтэй болгохын төлөө явна. Шаардлагатай бол улс төрийн тэмцэл хийнэ. 5 дугаар сарын 31-ний өдөр бүх ард түмний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байна. Шударга ёс гэж яриад шударга ёс руу нулимдаг хүмүүсийг ил тод мэтгэлцээнд дуудна. Бид хариуцлагаа алдсан Засгийн газрыг, УИХ-ыг тараахын төлөө тэмцэнэ.

2021-2023 онд томоохон бондуудын эргэн төлөлт хийгдэх ёстой. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гэж худалч сайд байна. Өрийг дарлаа гээд байгаа тэгсэн хэрнээ гадаадын өр нэмэгдчихлээ. Эдийн засаг өссөн, амьдрал сайжирсан гээд байгаа. Гэтэл 2016 онтой харьцуулахад нийт бараа бүтээгдэхүүний үнэ 40 орчим хувиар өссөн байна. Тиймээс МАН-ын эрх баригчид худлаа шоудаж, популизм хийхээ боль. Иймээс бид намын гишүүдтэйгээ, Монголын ард түмэнтэйгаа хамтран тэмцэнэ" гэлээ.