УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар мэдээлэл хийх товтой байсан. Гэвч Ерөнхий сайд мэдээлэл хийх боломжгүй хэмээн УИХ-ын даргад албан бичгээр уламжилж, оронд нь Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ.

Хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд яг одоо Засгийн газрын гишүүдээс асуулт асууж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ "Ерөнхий сайдын асуулгын цаг дээр Ерөнхий сайд өөрөө яагаад суудаггүй юм бэ УИХ-ын дарга аа. Засгийн газар гээд УИХ дээрээ гараад суучихсан нөхдүүд байх юм. УИХ-аас томилогдчихоод ажлаа хийж, тайлангаа тавихгүй юм. Шударга ёс ярьсан нөхөр л хий сэлэм эргүүлээд давхиад байна. Ард түмний амьдрал хүнд, долларын ханш талийсан, бензин шатахууны үнэ өссөн байна. А92 бензины үнэ л 100 төгрөгөөр буурлаа. өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг хар. Энэ арай дэндэж байна ш дээ. Шударга ёс ярьсан нөхдүүд төр улсынхаа ажлыг хийгээч ээ. Ажил хийх гэж Засгийн газрын эрхийг авч гарч ирсэн юм уу, эсвэл попрох гэж гарч ирсэн юм уу. Худлаа шударга үнэний царай гаргаж хийхгүй байгаа ажил, бүх хууль бус үйлдэл, хулгайгаа халхлаад, сошиалаар ард түмнийхээ тархийг угаагаад ямар ч ажил хийхгүй, хариуцлага хүлээхгүй байна. Үнэхээр гайхаж байна.

Одоо долларын ханш, өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд байхад Ерөнхий сайдынх нь рейтинг өндөр гээд гайхуулаад суугаад байх юм. Би ийм улс орныг мэдэхгүй юм байна. Шадар сайд нь хариулах байлгүй дээ, Монгол Улсын Засгийн газар хэзээ ажилдаа орох вэ, ажлаа хийхгүй юм уу.

Махны үнийн зохицуулалтыг Засгийн газар хийж байх ёстой гэж би харч байна. Малчид 4 улирлын турш ажиллаж, дээлтэй хувцастайгаа унтан байж маллаж, даарч хөрч явж өсгөсөн хэдэн малыг үнэтэй байна, мах нь үнэд орлоо гэж малчдаа шүүмжлээд суух ёсгүй. Харин яаж тэр махыг нэмүү өртөг шингэсэн 2, 3 дахь бүтээгдэхүүн болгож үр ашигтай гадаадад экспортлох вэ гэдэг төрийн бодлого байх ёстой. 

Өнөөдөр дүрэм, журам ярьсан төдийгөөр аргацааж мал, аж ахуйн салбарын ирээдүй, Монголыг гол экспорт болох махны асуудлыг шийдэхгүй ээ нөхдүүдээ. Төр байгаа юм бол үүн дээр бодлогоо боловсруулаад асуудалд цэгцтэй хандах цаг болсон" хэмээлээ.