Урин дулааны үе, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид автомашин, завь бусад техник багаж хэрэгсэлтэйгээр Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт завь, сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна

Он гарсаар усны ослоор Архангай, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймаг, аймаг, нийслэлд нийт 15 удаагийн тохиолдлоор 21 хүн (хүүхэд-5 буюу 23.8%, насанд хүрэгсэд-16, үүнээс 16 хүн нь эрэгтэй буюу 76.2%) амь насаа алджээ.

Мөн хүчтэй аадар бороо орох нь үерийн аюул дагуулж болзошгүй тул учирч болзошгүй эрсдэлээс сэрэмжилж, голын эрэг хөндийд байрлахгүй байхыг сэрэмжлүүлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Сэрэмжлүүлэг

  • Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх
  • Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх
  • Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
  • Голуудын  усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.