Онцгой байдлын ерөнхий газраас өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаг агаар, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн:

Цасан шуурганы улмаас малдаа яваад сураггүй болсон, цасанд боогдсон тухай 20 гаруй дуудлага онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлагын дагуу онцгой байдлын албаныхан орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж, 64 иргэнийг авран хамгаалсан. Цасан шуурганы улмаас Өвөрхангай аймгийн Богд суманд хоёр иргэн, Өмнөговь аймагт дөрвөн иргэн нас барсан харамсалтай тохиолдол гарлаа. Иргэд маань зуны сар гарчихсан гээд цаг агаарын мэдээ харалгүй, хөнгөн нимгэн хувцастай гарснаас болж амь насаа алдаж байна.

Онцгой байдлын ерөнхий газар, “Мерси Кор Монгол“ олон улсын байгууллагатай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийг дөрөвдэх жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.  Уг систем Монгол Улсны хэмжээнд нэвтэрч, 21 аймгийн 330 сумын 1,820 багийн 20 гаруй мянган малчин гар утсаараа Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авч байгаа. 

Цаг агаарын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 14-17-нд салхи 14-16 метр секунд хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурна.

Иймд:

-Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

-Малаа ойрын бэлчээрт хариулах,

-Хөдөө орон нутгийг зорих иргэд хол, ойрын замд гарахдаа цаг агаарын мэдээллийг тухай бүр авч, бэлтгэл, бэлэн байдлаа хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах:Энэ жил олон жилийн дундажаас эрт дулаарч байгаа гэдгийг цаг агаарын мэдээгээр зарлаж, гал түймрийн аюулаас сэрэмжлүүлсэн. Гэвч иргэд хайхрамжгүй болон санамсар болгоомжгүй байдлаас бол түймэр нэлээн их алдсан. Улаанбаатарт гэхэд шар өвснөөс болж зуслангийг бүсүүдэд олон тооны гал түймэр гарч иргэд өмч хөрөнгөөрөө хохирч байна. 

2019 оны гарснаас түймрийн улмаас 4.2 тэрбумын өмч хөрөнгө шатаж, 23 хүн галд өртөж нас барсан. Тэдний 17 том хүн, 7 бага насных. Өнгөрсөн жилтэй харьцуулахад гал түймрийн тоо 35 хувиар нэмэгдсэн. Он гарснаас хойш 11 аймагт 55 удаагийн гал түймэр гараад байна. Үүнээс болж 2449 га ой хээрийн бүс түймэрт өртсөн. Түймрийг унтраахаар нийт 2768 хүн 358 машинтай оролцсон. Хамгийн хохирол ихтэй дөрөвдүгээр сарын 22-нд ОХУ-аас Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт хил дамнаж орж ирсэн ой хээрийн түймэр бөгөөд үүнийг унтраахаар нийт 20 хоног ажилласан. Өнөөдөр л албан хаагч, иргэд дайчилгаанаас бууж байна. Түймрийг унтраахын тулд 3 удаа нисдэг тэрэг ашигласан.

Мөн Хөвсгөл, Хэнтий, Булган аймгуудад гарсан түймрийн унтраах хүн хүч хэрэгсэл, шаарлагатай хүнс, хувцас хэрэгсэл хүргэхээр ХЦ-ийн 0303-р ангийн МИ 171Е нисдэг тэргээр 8 удаа нислэг үйлдсэн байна.  

Өнөөдрийн байдлаар ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдээгүй.  Гэхдээ энэ сарын 14-18-ны өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байх тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Тиймээс иргэд, малчид, тариаланчид, ой, хээрийн бүсэд зорчин явагсад: автомашин техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих,  цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх, ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах, гал асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх, насанд хүрээгүй хүүхдийг ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх, түймэр унтраах шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж ой, хээрийн гал түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.